Дугаар хязгаарлах эсэхээр иргэдийн дунд санал асуулга явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр “20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн энэ үеэр “Энэ сард
нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажлыг олон газар хийхийн зэрэгцээ төрийн
айлчлалууд хүлээж авах тул замуудыг хэсэгчлэн хаана. Эдгээртэй холбоотой авто
замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэдээс дугаарын
хязгаарлалтын асуудлаар санал асуулга авахаар боллоо. Хэрэв иргэдийн
олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулахаар
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг
болгосон. Мөн УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яам, агентлагийн ажилтан, алба
хаагчид нэгдсэн ажилчдын автобусаар зорчино” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар “Энэ жил нийслэлийн хэмжээнд замын сангийн 77 тэрбум төгрөгөөр замаа
засахаар төлөвлөсөн. Дээрх ажил өнгөрсөн зургаадугаар сард бүрэн дууссан. Одоо
хийж буй авто зам засвар, шинэчлэлийн ажил нь бондын 270 тэрбум төгрөгөөр хийж
буй ажил юм. Зам засварын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоногт хийж байгаа. Энэ
жил хотын нийт авто замын 70 орчим хувийг засварлаж, шинэчилнэ. Ирэх жил бид
гэр хорооллын дундах авто зам болон явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөж
байна” гэж НЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээллээ.