Колумбчууд энхийн гэрээг дэмжин жагсав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБОГОТА. /ВВС/. Хагас зуун жил гаруй үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгохын тулд Колумбын Засгийн газар болон босогчдын бүлэглэл болох “ФАРК”-ийн /Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин/ хооронд байгуулсан энхийн гэрээг дагаж мөрдөхийг шаардан өчигдөр тус улсын нийслэл Богота хотод хэдэн мянган хүн жагсаал хийжээ.
Энх тайвныг тогтоохыг бэлгэдэн иргэний дайны хохирогчдын ар гэрийнхэнд жагсаалын үеэр цагаан цэцэг өгчээ.
Олон жил хэлэлцээ хийсний эцэст байгуулсан энхийн гэрээг хэрэгжүүлэхийг өнгөрсөн сард тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь /50.24 хувь/ эсэргүүцсэн билээ. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэхийг Колумбын ард иргэд шийдэх ёстой юм.
Босогчидтой энхийн гэрээ байгуулсныг эсэргүүцэгчид энхийн гэрээний зарим заалтыг өөрчлөхийг шаардаж байгаа аж.
Харин өчигдөр орой хэдэн мянган оюутан, тариаланчид болон нутгийн уугуул оршин суугчдын удирдагчид Богота хот дахь Конгрессын ордны өмнө цуглан уг гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Дайны улмаас дүрвэсэн 64 настай Карменза Пинто ярихдаа “энх тайвныг тогтоохын төлөө Колумбын бүх иргэн ажиллах хэрэгтэй” гээд “сайн сайхан ирээдүйг бий болгохын тулд бид бүгдээрээ хичээн зүтгэх хэрэгтэй. Уучлал бол бидний үзүүлж чадах хамгийн том үлгэр жишээ” гэв.
Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянга орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.
Энхийн хэлэлцээр байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантосыг Нобелийн Энх тайвны шагналтнаар тодруулсан билээ.
Тэрбээр Нобелийн шагналыг дагалдах 8 сая крон буюу 925 мянган долларыг иргэний дайнд хохирсон хүмүүст туслахад хандивлахаа мэдэгдсэн юм.
Г.Доржханд