СҮХБААТАР: Гэр дулаалгын чип багцад 864 өрхийг хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024
оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн чип багц” төсөлд энэ жил Баруун-Урт сумын 864 өрхийг хамруулна. Тэгвэл эхний 50 өрх багцаа хүлээн авахад бэлэн болжээ.
Үүнтэй холбоотойгоор
төслийг хэрэгжүүлэгчид иргэдэд багцыг хэрхэн ашиглах талаарх сургалт
мэдээллийг өгч, мөн ногоон зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн зээлийг газар нь
судалж, шийдвэрлэж байна.
Утаат
яндангийн тоог цөөлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, хүн амын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилго бүхий уг төслийг аймгийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа.
Нийт гурван сая төгрөгийн үнэтэй энэхүү багцын 1,5 сая төгрөгийг орон нутгаас төлөх бол үлдсэн 50 хувийг тухайн иргэн өөрөө төлнө. Ингэхдээ
бэлэн мөнгөөр төлөхөөс гадна ногоон зээлд хамрагдаж сар бүр төлөх боломжтой.