Аргальд зориулж хөв цөөрөм байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулав.
Тухайн орчимд зэрлэг амьтан усанд орох уст цэг байдаггүй тул
бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэ хөвийг
байгуулжээ. Хамгаалалтын захиргаанаас шаардлагатай
үед ус аваачиж хийж байхаар төлөвлөснийг БОУАӨЯ мэдээллээ.
Уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг аргалийн тоо толгой өнгөрсөн оны байдлаар 4024 болсныг бид мэдээлж байсан билээ. Увс,
Баян-Өлгий аймгийн ОХУ-тай хилллэдэг бүс нутагт тоо толгой нь тогтвортой өсөж байгаа.
Аргаль нь
Төв Азийн уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.
Өндөр нь 120 см, 140 кг хүртэл жинтэй, биеийн урт нь 1.8
м хүрнэ. Эр нь маш том угалзалсан эвэртэй бөгөөд 190 см хүртэл урт байдаг аж.
Монгол орны Ховд
аймгийн Цамбагарав, Байтагийн уул, Мянган угалзтын нуруу, Увсын Хархираа,
Түргэний уулс, Говь-Алтайн Хар азарга, Хантайширын нуруу, Бурхан буудай уул,
Хангай, Хэнтийн нурууны салбар уулсаар элбэг тархан амьдардаг. Хангайн
хөвчийн нуруу, зах бэлийн уулсад ховор, Өмнөговийн уулсаар ховордуу, Дундговь,
Дорноговийн намхан уулсаар ховор тохиолдоно. Биеийн ерөнхий төрхөөр Монгол
хоньтой адил, төстэй ч байгалийн нөхцөлд зохицож хөл нь өндөр нарийхан цэгцгэр,
үс, ноос нь тачир, ширүүн, годгор жижиг сүүлтэй. Эрийг нь угалз, эмийг нь
аргаль гэнэ. Угалзын биеийн жин нь 200 кг, цээжний өргөн нь 115-120 см, Эврийн урт нь 160-180 см, түүнээс ч урт
байх нь бий. Аргаль нь таана, багалуур, хялгана,
элбэгтэй уулын бэл, толгод, хад асгатай уулаар голлон бэлчээрлэдэг.
Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн
хэлбэлздэг. Монголд 1970-аад оны сүүлчээр 40 мянга орчим аргаль байсан
бол 2001 онд 13-15 мянга болж
цөөрчээ. Энэ нь хууль бус ангаас
гадна цөл, хээрт задгай ус, бэлчээр бүхий нутагт нь мал бэлчээрлэснээс
дайжин зайлж, чоно, ирвэс, шилүүсний
идэш болдогтой холбоотой. Иймд 1953 оноос агнахыг хуулиар
хориглож, Засгийн газрын 2012 оны тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэн, Монгол Улсын “Улаан ном”, Зэрлэг
амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах
тухай конвенцын II хавсралтад, мөн Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын
болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг
улсын тусгай хамгаалалтад авчээ.