ДОРНОГОВЬ: “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-11 09:13:58

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн, худалдаа 9 дүгээр сарын 10-11-нд Сайншанд сумын Спорт цогцолборын гадаах талбайд болж байна.


Дорноговь аймгийн тариаланчдын тарьж ургуулсан хүнсний ногоо, компани, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг энэхүү үзэсгэлэн худалдаанд 14 сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа юм.




Энэ үеэр сум бүрийн ашиг шим, үүлдэр угсаа сайтай малын үзэсгэлэн худалдааг ч олон нийтэд хүргэж байна. Дорноговийн нутгаар хур бороо ихтэй, зуншлага сайхан байсан тул тариа ногооны болц энэ жил илүү байгаа аж.


Дорноговийн тарвас, загсгал цай, ингэний хоормог, ингэний ундаа, төрөл бүрийн хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнүүд, ааруул, цагаан идээ эрэлт ихтэй байгаа талаар бизнесийн төлөөлөл өгүүллээ.


Өнгөрсөн онд “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дорноговь аймагт 952,5 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн төрлийн хэмжээст 350 ширхэг хүлэмж, 899,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 морины хүчтэй дугуйт трактор 20 ширхэг, анжис 20 ширхэг, роторт сийрүүлүүр 20 ширхгийг говь нутгийн тариаланчдад олгосон. Ингэснээр хамгаалагдсан хөрсний буюу хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгджээ.

Холбоотой мэдээ