СЭЛЭНГЭ: Нийт газар нутгийн 19 хувь нь цөлжилтөд нэн хүчтэй өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-11 20:31:51

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2019-2021 онд ШУА-ийн Газар зүй-Гео экологийн  хүрээлэнтэй хамтран нийт газар нутгийн хэмжээнд цөлжилтийн судалгаа хийжээ. Мөн аймгийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтийн төлөв байдал, нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

 

Дээрх судалгаагаар аймгийн нийт газар нутгийн 69.6 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон. Үүнээс 19 хувь нь нэн хүчтэй цөлжилтөд өртсөн судалгаа гарчээ.

 

Аймгийн хэмжээнд цөлжилтийн эсрэг олон ажил хийхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан байна.

 

Энэ ажлын хүрээнд аймгийн БОАЖГ-аас цөлжилт, газрын доройтлоос хамгаалсан ойн зурвасыг авто болон төмөр замын дагуу, цөлжилтөд их өртсөн газруудад нэн түрүүнд хийжээ.

 

Мөн голын ай савыг хамгаалахаар аймгийн хэмжээнд голын эрэг орчмыг бургасжуулах, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэх ажлуудыг тус тус хийсэн байна.

 

Тухайлбал цөлжилтөд хамгийн ихээр өртөж байгаа Жавхлант, Алтанбулаг, Баянгол, Орхонтуул, Орхон зэрэг суманд ойн зурвас татсан байна. Энд ойн сан бүхий Хүдэр сум ч хамрагдаж байгаа юм.

 

Цөлжилтөд зөвхөн элсний нүүдлийг харах биш, бэлчээр хэр талхлагдсан, хот суурин газрын зам харгуй хэдий хэмжээгээр нэмэгдсэн зэргийг үндэслэж судалгаа хийдэг байна.

 

Сэлэнгэ аймаг тал хээрийн ойжуулалт хийх газруудыг судалж, навчит модоор ойжуулж байна. Ой дотроосоо цөлжиж байгаа учраас унаган моднуудыг тарималжуулах, хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбайг ойжуулж эхлээд байна. Түүнчлэн ховордож байгаа хушин ойг тарималжуулжээ.

 

Энэ ажлын хүрээнд Ерөө, Мандал, Баруунбүрэн, Хүдэр зэрэг суманд 5-10 га талбайд Ерөө сумын “Сэлэнгэ-Бугант” групп хушаар ойжуулсан байна.

 

Цөлжилт гэдэг нь үржил шим бүхий хөрстэй, ус булагтай, ургамал жигдэрсэн газар нутаг хуурай цөл болон хувирах үйл явцыг, харин газрын доройтол нь тодорхой нэг газар нутагт хүний буруу үйл ажиллагаа болон ус, салхины нөлөөгөөр элэгдэлд орохыг хэлдэг байна.

 

Цөлжилт, газрын доройтлыг багасгах гол арга нь ойн зурвас байгуулах, байгалийг нөхөн сэргээх, орон нутгийн ховор, ховордсон мод ургамлыг тарих юм. Ер нь бэлчээрийг дөрвөн улиралд сэлгэн ашиглаж, мал аж ахуй, ой, газар тариалан хосолсон аж ахуйг хамтад нь хөгжүүлэх зэрэг уламжлалт болон дэвшилтэт арга технологийг хослуулан зөв хэрэгжүүлэх шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.

 

Энэ талаар аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа: ”Цөлжилтийн хувьд ганц мод тариад багасгах ажил биш юм. Энд хамгийн их цөлжилтөд нэрвэгдэж байгаа асуудал бол мал аж ахуй. Манай аймаг газар тариалан эрхэлдэг. Иймээс энэ хоёр салбарын үйл ажиллагаа манай ойн салбарын үйл ажиллагаатай цогцоороо нийлж байж, харилцан уялдаа холбоотой байж, цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг багасгах ажлыг хийнэ. Хамгийн наад зах нь бид тариалангийн талбайгаа хамгаалсан ойн зурвас хийх ёстой. Энэ бол элэгдэл эвдрэлээс, салхи, усны эвдрэлээс хамгаална. Түүнийгээ дагаад ургац ч нэмэгдэнэ.

 

Малыг манай аймаг тооноос чанарт шилжүүлэх бодлого барьж, "Цэвэр, эрүүл мал" гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бүхнийг уялдуулж байж, газрын доройтол, цөлжилтийг сааруулах ажил амжилт олно.

 

Энэ бол ганцхан мод тарьж байгаа хүний ажил биш. Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байгаа нийт хүний үүрэг хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс бүх нийтээрээ мод тарих үндэсний хөдөлгөөнд оролцохыг уриалж, хашаанаасаа эхэлж мод тарьснаар уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлнэ. Цөлжилт, газрын доройтлыг багасгахад хувь нэмрээ оруулна” гэлээ.     

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг манлайлах үүрэгтэйгээр оролцож, үндсэн 3 том зорилтын дор тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна.

 

Үүний нэг нь цөлжилт, элсний нүүдлээс хамгаалсан ойн зурвас байгуулах ажил юм. Тухайлбал одоо байгаа доройтсон ойгоо нөхөн сэргээхээс гадна ууланд болон ойн сангийн талбайд ойжуулалт хийх ажлыг төлөвлөгөөндөө тусгажээ.

 

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн хүрээнд “Тэрбум мод” төсөл хөтөлбөрт тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Номгон Форести” ХХК-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан. Уг гэрээний хүрээнд цөлжилтөд өртсөн 154680 га газар дэвшилтэт технологи ашиглан ойжуулж байна.

 

Иймд дээрх талбайд ойжуулалт хийхэд Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудаас чанартай үр үрсэлгээ худалдан авах, 1000 га талбайд дан жимсний мод тарих, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн палантаци байгуулах зэрэг ажлыг хийх юм.

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 хувьд хүргэнэ. Мөн цөлжилт, газрын доройтлыг багасган, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх юм.

 

Сэлэнгэ аймаг Монгол Улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрний хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ. Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80 хувь нь ургадаг байна.

 

Дээр нь цөлжилт, элсний нүүдэлд орсон, уур амьсгалын өөрчлөлт нэлээд өртсөн Алтанбулаг, Орхон, Жавхлант, Сайхан зэрэг сумдад ойн зурвас байгуулсан байна. 

 


 


Холбоотой мэдээ