ГОВЬ-АЛТАЙ: Зураач Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан”-ы хөрөг музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-09-11 13:38:46

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нэрт зураач Ү.Ядамсүрэнгийн “Чингис хаан”-ы хөрөг Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. 


Чингис хааны хөрөг зураг нь ембүү хэлбэрийн булган малгай өмссөн, малгайн оройн хэсэгт улаан өнгийн чулуун шигтгээтэй, булган эмжээртэй цэнхэр торгон нөмрөгтэй, үслэг, чулуун шигтгээ бүхий чимэглэлтэй хөө хуяган өмсгөлтэй, урт цагаан  сахалтай, хөмсгөө зангидан төв байдлаар харсан зургийн баруун доод хэсэгт улаан өнгөөр Ядамсүрэн 37 он гэж монгол бичгээ татлан бичжээ. 1958 онд Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгээс уг бүтээлийг Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музей авч байсан байна.


Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг Монгол Улсын Ардын зураач, Төрийн соёрхолт Үржингийн Ядамсүрэн нь 1905 онд Сэцэн хан аймагт төржээ. Өвөг эцэг Үржин нь арван засгийн заан цолтой бөх хүн байснаас гадна модон эдлэл,тэрэг уналга хийдэг, сийлбэрээр оролддог гарын уртай нэгэн байсан нь бяцхан ач хүүд нь нөлөөлсөн байна.


13 нас хүрэхэд нь эх нь хүүгээ Чойдаш ламд шавь оруулан урлах ухаан, сийлэх арга барил, бурхан зурах ухаанд суралцан ламын хажууд шавилан суух амьдрал нь эхэлсэн гэдэг. 1930 онд Улаанбаатар хотод ирээд Гэгээрлийн яамны харьяа бэлтгэл сургуульд орж суралцаад хэвлэх үйлдвэрт латин үсгийн өрөгчөөр ажиллаж байжээ. 1934-1937 онд Москва хотын Дорно дахины хөдөлмөрчдийн намын их сургуульд суралцан эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнгийн газар зүйн тасагт ажиллаж байв.1942 оноос Ядамсүрэн ШУХ-ийн харьяа Хувьсгалын музейд ажиллаж байв. Энэ хугацаанд Д.Чойдог, О.Цэвэгжав нарын хамтаар Дүрслэх урлагийн газар байгуулах үйлсэд идэвхтэй оролцож зураачдын дугуйланг явуулж байв. 1945 оноос Дүрслэх урлагийн газар байгуулснаар зураачаар орж 1986 он хүртэл ажиллаж уран бүтээлээ туурвиж байжээ. 


Уран зураач маань монгол зургаар дагнан туурвихдаа манай улсын угсаатны зүйн болон урлаг судлалын бүтээлүүдийг эмхэтгэсэн “Цам”, “Угсаатны хувцас”, “Ардын эдлэл хэрэглэл”, “Үндэсний хувцас” цомгууд гаргаж байв. 1946 онд Ү.Ядамсүрэн “Д.Сүхбаатарын хөрөг” бүтээлээр БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1965 онд БНМАУ-ын Ардын зураач цол, 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнуулж байсан билээ. Ардын гар урлал, эдийн соёлтой холбогдсон 400 гаруй зураг зурсан байна.


Нэрт зураачийн Чингис хааны хөрөг болон бусад дөрвөн бүтээл Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Холбоотой мэдээ