СЭЛЭНГЭ: Сатрепс төслийг 2025 оноос хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-12 16:01:27

Сүхбаатар, 2024 оны есдүгээр 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор, Б.Батцэцэгээр ахлуулсан сатрепс төслийн багийнхныг өнөөдөр хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо.

 

“Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” шинжлэх ухаан технологийн сатрепс төслийг 2025 оноос 4 жилийн хугацаанд Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 

Энэ хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор, Б.Батцэцэгээр ахлуулсан төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Төслийг Мал эмнэлгийн хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Мөн МЭХ-ийн молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори, Үржлийн эмгэг даавар судлалын лабораторийн судлаачид, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн эх барих, мэс заслын зарим багш нар хамтран оролцоно.

 

Дээрх төслийн хүрээнд:

-Адууны өвчлөлийн өнөөгийн байдлыг сонгогдсон аймгуудад тандалт хийх ялангуяа нийлүүлгийн өвчний байдал, Монголын адууны аж ахуйн салбар болон менежментийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах,


-Адууны нийлүүлгийн өвчний хяналтын тогтолцоог сайжруулж, орчин үеийн үржлийн инженерчлэлийн аргыг нутагшуулах,


-Адууны нийлүүлгийн өвчний эрт илрүүлэг болон үржүүлгийн биотехнологийн мэдлэг болон арга барилд мэргэшсэн хүний нөөц бэлтгэх,


-Монгол Улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр монгол адууны өвөрмөц чанарт үндэслэн адууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, морин уралдаан, аялал жуулчлал, биологийн олон янз байдлын өвөрмөц онцлог, давуу талыг тусгасан шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох боломж бүрдэх давуу талтай юм.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрхэлж, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж яваа стратегийн чухал ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийг сонгон төсөл хэрэгжүүлэх болсонд талархаж байгаагаа илэрхийллээ.

 

Дээрх төслийг Монгол Улсад нийлүүлгийн өвчнийг устгах, бүрэн хяналтад оруулах зорилгоор Япон Улсын Жайка ОУБ, Шинжлэх ухаан, технологийн газрын санхүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэн (Монгол), Япон Улсын Обихирогийн хөдөө аж ахуй, Мал эмнэлгийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх юм.

  

Тус байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа сатрепс хөтөлбөр" нь дэлхийн олон оронд хэрэгждэг байна.

 

Энэ удаа манай улсын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй 2 дахь төсөл нь юм.

Холбоотой мэдээ