ДАРХАН-УУЛ: Цагдаагийн газрын мэдээллийн нэгдсэн сүлжээнд ААНБ-ын хяналтын камерыг холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-13 16:00:08

Дархан, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэхэд аймгийн Цагдаагийн газар хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Тодруулбал, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, иргэн, ААНБ, сууц өмчлөгчдийн холбоодыг үйл ажиллагаа явуулж буй газрынхаа гадна болон дотор орчинд хяналтын камер байрлуулах санал хүргүүлсэн байна.


Ингэхдээ “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага” MNS 64235:2019 стандарт хангасан, орчноо бүрэн хянах боломжтой камер суурилуулах, стандартад нийцсэн камерыг холбогдох хуулийн дагуу Цагдаагийн газрын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох боломжтой болжээ.


Уг мэдээллийн сүлжээнд үнэ төлбөргүй холбох тухай аймгийн Засаг дарга захирамж гаргасан бөгөөд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналтын камер чухал нөлөө үзүүлдэг.


Түүнчлэн аймгийн Цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аймгийн хэмжээнд гудамж талбайн камерыг шат дараатай нэмэгдүүлж байна.


“Ногоон бүс” төслийн хүрээнд 2023-2024 онд Дархан сумын 7 багийн нутаг дэвсгэр 170 байршилд 292 хяналтын камерыг суурилуулж 24 цагийн хяналттай болгожээ.


Ингэснээр гэмт хэргийн илрүүлэлт 74.7 хувьтай өссөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс буюу 2023 оны наймдугаар сараас 2024 оны наймдугаар сар хүртэл 16.6 хувьтай өссөн үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ