БАЯНХОНГОР: Зэрлэг амьтдын байршил бүхий хоёр цэгт хөв цөөрөм байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Баянговь, Баянлиг сумын говийн бүсийн зэрлэг амьтдын байршил бүхий хоёр цэгт хүн малын хөлөөс зэлүүд булаг, шандны шүүрэл бүхий газарт хөв цөөрөм байгууллаа.
Цөлжилт, газрын хуурайшилттай хамгийн бага зардлаар тэмцэх нэг арга нь хөв цөөрөм байгуулах. 1990-ээд оноос хойш мартагдаад байсан цас, бороо, шар усны үер зэрэг байгалийн усыг тогтоон цөөрөм байгуулах аргыг сүүлийн жилүүдэд ийнхүү сэргээж байна.
Байгалийн усыг техникийн аргаар тогтоож эргүүлэн газар тариалан болон бусад зүйлд ашиглах нь зардал багатай гэдгийг олон орны эрдэмтэд баталсан байдаг. Тус аймгийн бусад сум ч хөв цөөрөм байгуулж болох газрын судалгааг хийж байгаа юм.
Мал аж ахуйг усаар тогтвортой хангах зорилгоор тухайн орон нутгийн байгаль цаг уур, орчин нөхцөлд зохицсон инженерийн хийцтэй хиймэл нуур цөөрмийг хайгуул судалгаа, инженерийн тооцоо шаардлагыг үндэслэн байгуулдаг аж. Хөв цөөрөм байгуулж газар тариалан болон бусад зүйлд ашигладаг туршлагаараа Болгар улс дэлхийд тэргүүлдэг юм байна.
Ташрамд, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гадаргын ус хуримтлуулах, гүний нөөцийн хэрэглээг багасгах зорилгоор "Нэг сум - Нэг нуур" санаачилгыг гаргасан. Сум бүр нэг хиймэл нуур, хөв цөөрөм байгуулснаар байгалийн нөөц хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөний хүрээнд нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх болон усны хуримтлал бий болгох зорилготой тус ажил нь гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.