Номын баяр төв талбайд өнөөдрөөс эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-09-13 11:10:15

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна.


“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг энэ жил 36 дахь удаагаа тэмдэглэж буй нь энэ юм.

Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буйгаараа онцлогой.


Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч тогтмол оролцдог.  Түүнчлэн энэ удаагийн номын баярт Ерөнхийлөгчийн ивээл дор эрхлэн гаргаж буй Монгол Улсын түүхийн 12 боть номын нээлт болох юм. Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. 


Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ, Польш улсаас зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцохоор болжээ.


Номын баярын хүрээг өргөжүүлж, тус баярын уламжлалт хэв маяг, онцлогийг гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлаг албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байна. 

Номын баяр гурван өдөр үргэлжилнэ.







Холбоотой мэдээ