ХӨВСГӨЛ: Статистикийн түүхийг иргэд ихэд сонирхлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс түүхт 100 жилийн ойг тохиолдуулан салбарын шинэчлэлийг орон нутгийн албан хаагчид, мэдээлэгч байгууллагуудад танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Статистикийн хэлтэс нь аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг тооцон гаргах түүхэн 100 жилийн хугацаанд ашиглаж байсан гар бичвэр, сампин, утас зэргийг өнөөдөр хэрэглэж буй тоног төхөөрөмжтэй харьцуулан дэлгэн үзүүлснийг иргэд их сонирхож байлаа.
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон түүхт 100 жилийн ойгоо угтан орон нутагт анх удаа нийгэм эдийн засгийн танилцуулгаа тогтмол монгол бичгээр гаргаж хэвшсэн байна.
Мөн шилдэг мэдээлэгч байгууллагуудыг жил бүр орон нутагтаа шалгаруулж дэмжиж ажиллаж ирсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.
Тус өдөрлөгт ҮСХ-ны дарга Б.Батдаваа, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга П.Лхагважав болон Статистикийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд тус байгууллагатай хамтран ажилладаг байгууллагууд, багийн дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо.