Цаазын ял сонссон Вьетнамын магнатыг дахин шүүж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-09-20 11:51:45

ХАНОЙ, 2024 оны есдүгээр сарын 20 /DW/. Санхүүгийн залилангийн хэргээр хэдийнэ цаазын ял сонссон Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн магнатыг мөнгө угаасан хэргээр шүүх хурал пүрэв гарагт болжээ.


Van Thinh Phat үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал Чыонг Ми Ланд Вьетнамын түүхэн дэх хамгийн том санхүүгийн залилангийн хэргийг зохион байгуулсан хэргээр энэ оны дөрөвдүгээр сард цаазаар авах ял оноосон юм.


Өдгөө 67 настай тэрбээр 12.5 тэрбум ам.долларыг шамшигдуулсан хэрэгт гэм буруутай нь тогтоогджээ. Энэ бол Зүүн Өмнөд Азийн тус улсын 2022 оны ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.


Ч.Лан одоо залилан мэхэлсэн, мөнгө угаасан, хууль бусаар хил дамнуулан мөнгө шилжүүлэх замаар эд хөрөнгө худалдаж авсан хэрэгт буруутгагдаж байна гэж Вьетнамын төрийн мэдлийн хэвлэлд мэдээлжээ.


Шүүх хурлын өмнө гаргасан цагдаагийн мэдээлэлд дурдсанаар, Ч.Лан дөрвөн компаниар дамжуулан хууль бусаар бонд гаргаж, 36 мянга орчим хөрөнгө оруулагчаас 1.2 тэрбум ам.доллар босгосон байна.


Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2012-2022 оны хооронд 4.5 тэрбум ам.долларыг Вьетнам руу болон тус улсаас гадагш хууль бусаар шилжүүлсэн Ч.Ланы Van Thinh Phat компанийн хяналтанд 21 компани байсан нь илэрчээ.


Вьетнамын тэрбумтанг мөн залилан мэхлэх замаар олсон 18 тэрбум ам.долларыг угаасан хэрэгт мөн буруутгаж байгаа аж. Уг хэргийн шүүх хурал нэг сарын турш үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд өөр 33 шүүгдэгч холбогдож байгаа юм.


Пүрэв гарагт Ч.Лан болон бусад шүүгдэгчийг Хо Ши Мин хотын шүүхэд цагдаагийн бүхээгтэй тэргүүдээр авчирсан байна. Харин залилангийн хэргийн 10 гаруй хохирогч өөрсдийгөө шүүх хуралд оролцуулахыг шаардан шүүхийн байрны гадаа зогсож байжээ.


Ч.Лан бол коммунист засаглалтай тус улсад олон жил үргэлжилсэн авлигатай тэмцэх кампанит ажлын дараа шоронд хоригдсон томоохон бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдын нэг юм.

 


Холбоотой мэдээ