Хувь хүмүүсийн эзэмшиж буй санхүүгийн хөрөнгийн үнэлгээ Японд түүхэн дээд түвшинд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО, 2024 оны есдүгээр сарын 20 /NHK/. Энэ оны хоёрдугаар улиралд Японд хувь хүмүүсийн эзэмшиж буй санхүүгийн хөрөнгийн үнэлгээ түүхэн дээд түвшинд хүрчээ. Энэ нь татвараас чөлөөлөгдөх хөтөлбөрийн давуу талыг ашиглахын тулд хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдсэнийг харуулж байна гэж тус улсын Төв банкны улирал тутмын тойм мэдээнд дурджээ.
Японы Төв банкнаас улирал тутам гаргадаг судалгаанд мөнгөн хадгаламж, үнэт цаас, даатгалын бүтээгдэхүүн зэрэг хөрөнгийг хамруулдаг. Зургаадугаар сарын эцсийн байдлаар нийт 2.212 их наяд иен буюу 15 их наяд гаруй ам.доллар болсон байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад иенээр тооцсоноор 4.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хувьцаанд оруулсан хөрөнгө 15.6 хувиар, хоёрдогч зах зээл дээр арилжаалагддаг хувьцаанд оруулсан хөрөнгө 27.1 хувиар өссөнөөр аль аль нь дээд үзүүлэлтэд хүрчээ.
Хувь хүнийг татвараас чөлөөлөх зорилготой NISA хөтөлбөрийг өргөжүүлсэн нь илүү их хөрөнгө оруулалтыг татсан бол иений ханш суларсан нь гадаад валютаар илэрхийлэгдэх даатгалын бүтээгдэхүүний үлдэгдэл нэмэгдэхэд хүргэсэн байна.
Бэлэн мөнгө, хадгаламж нийлээд 0.8 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч гар дээрх бэлэн мөнгөний эзлэх хувь 2.2 хувиар буурсан нь урьд өмнө байгаагүй огцом бууралт болжээ. Энэ нь бэлэн бус төлбөр тооцооны хэлбэр улам түгээмэл болж байгааг харуулж байна.