Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар "Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх талаар ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-24 09:09:12

Нью-Йорк, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулж буй Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай хоёр талын уулзалт хийв. 


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.


Ерөнхий сайд Фүмио Кишида "Чингис хаан" олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан нисэх буудлыг өргөтгөх чиглэлд Японы тал үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдлээ. Мөн Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа Япон Улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хойшлуулах шийдвэр гаргасныг Монгол Улс ойлгож, хүлээн авсанд талархал илэрхийлэв. 

 

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулан хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийллээ.


Тусгай стратегийн түншлэлийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, хоёр талын болон олон талт яриа хэлэлцээг гүнзгийрүүлж, давтамжийг нэмэгдүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд нэгдмэл зорилгын хүрээнд улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов.




Холбоотой мэдээ