Ахмадуудын цахим ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх дөрвөн жилд зорилтот бүлгийн, тэр дундаа ахмад настнуудын цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч, “Ухаалаг засаг–2” төслийн хүрээнд "Үндэсний цахим элч” (Digital Nation Ambassador) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд сайн дурын 150 оюутан залуусыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш бэлтгэх бөгөөд тэд энэ он дуустал нийслэлийн 9 дүүрэг, хөдөө орон нутгийн 1000 ахмадад өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадварыг заах юм. Энэ нь цахим ур чадварыг дээшлүүлэхээс гадна залуу, ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр 10 мянга гаруй ахмадад өдөр тутамд нь тулгардаг цахим хэрэглээтэй холбоотой ур чадварыг нэмэгдүүлэх төсөл болон өргөжүүлэхээр төлөвлөжээ.
“Өнөө
үед гар утас, компьютер, бусад дэвшилтэт тоног төхөөрөмжтэй харьцах, хэрэгцээт мэдээллээ олж
авах нь залуусын дунд энгийн ур чадварт орж байгаа төдийгүй цахим орчны давуу
талыг нь ашиглан ажил, амьдралаа хөнгөвчлөх, аз жаргалтай амьдрах нэг үндэс болж
байна. Иймд энэ цаг үетэй нийгмийн хамгийн идэвхтэй, туршлагатай ахмад үеийнхэн
маань хөл нийлүүлэн алхах нь зүйн хэрэг” гэдгийг Хөтөлбөрийн нээлтийн
үеэр ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од онцолж байлаа. Тэрбээр, “Засгийн газар мэдээллийн
технологийн дэвшлийг ашиглан өрсөлдөх чадвартай бүтээлч иргэдийг бий болгож,
дижитал эдийн засгийг хөгжүүлэн, амьдралын чанарыг дээшлүүлэхээр “Цахим Үндэстэн” болох зорилтыг
дэвшүүлж,
харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын
нэгээр зарласан. Энэ хүрээнд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, нийтийн мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх,
мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн тоон бичиг үсгийн ур чадварыг
нэмэгдүүлэхэд анхаарч байгаа” хэмээв.
Цахим ур
чадварын ялгааг багасгахад Боловролын
Ерөнхий газар, Насан туршийн боловсролын төв, Юнител групп, Тoki апп, Төрийн
банк, Монгол Эм Импэкс Концерн ХХК, Скайтел Групп, Скай Хайпермаркет ХХК,
И-Монгол академи, Илтгэх Индрийн Ирээдүй ТББ, Төрийн цахим үйлчилгээний
зохицуулалтын газар, Гэр өргөө олон нийтийн төв зэрэг байгууллага нэгджээ.
НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн 2021 оны судалгаагаар Монгол Улсад ахмад настай болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэд нь хүн амын бусад бүлэгтэй харьцуулахад цахим ур чадвар нь хамгийн бага, хангалтгүй түвшинд байгааг тогтоосон байдаг.
Мөн, ЦХИХХЯ, ҮСХ хамтран 2022 онд
хийсэн “Өрхийн болон
хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн
чадавх 43.8 хувьтай гарсан ч зорилтот бүлэг, ахмад настнуудын хувьд цахим үйлчилгээг бие даан авах
мэдлэг, чадвар дутмагаас хүүхдүүд, ач зээгийнхээ тусламжийг авах нь нийтлэг байна
гэжээ.