Хятадын тив алгасагч пуужингийн туршилт амжилттай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-09-26 11:31:37

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 26 /BBC/. Тив хоорондын баллистик пуужинг Номхон далай дээгүүр амжилттай туршсан гэдгээ Хятад улс мэдэгджээ. Хэдийгээр үүнийг "төлөвлөгөөт туршилт" гэж мэдэгдэж байгаа боловч тус улсад хамгийн сүүлд 1980 онд ийм туршилт хийснийг шинжээчид онцолж байна.


Хятадын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, пуужинг лхагва гаргийн өглөөний 08:44 цагт харважээ. “Пуужин урьдчилан тогтоосон бүсэд унасан бөгөөд пуужинт цэргийн ангийн жил бүр зохион байгуулдаг сургуулилалтын хүрээнд туршилтыг хийсэн" гэж төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. 


Гэхдээ ямар пуужин туршсан, ямар траектороор ниссэн талаар мэдээлсэнгүй. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Хятад улс "пуужин турших гэж байгаа тухайгаа холбогдох улс орнуудад урьдчилан мэдэгджээ".


Тус улс цөмийн зэвсгээ дотооддоо туршдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Шинжааны Такламакан цөл дэх туршилтын талбайд тив хоорондын баллистик пуужин туршжээ. Ийм учраас энэ удаагийн туршилт нь 1980 оноос хойш Хятадын пуужин олон улсын тэнгисийн орон зай дээгүүр ниссэн анхны тохиолдол гэж шинжээчид үзэж байна.


Хятад улс пуужин туршсантай холбогдуулан Японы Батлан хамгаалах яам лхагва гаргийн өглөө мэдэгдэхдээ, туршилтын үеэр тус улсын хөлөг онгоцуудад хохирол учраагүй гэдгийг дурдаад "бид Хятадын армийн ажиллагааны талаарх мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж, дүн шинжилгээ хийж, боломжит бүх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, сонор сэрэмжтэй байх болно" гэжээ.


1980 онд хийсэн туршилтын үеэр Хятадын пуужин 9070 км хол зайд нисэж, Номхон далайд унажээ. Тухайн үед сургуулилалтад Хятадын 18 байлдааны хөлөг оролцсон нь Хятадын Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуулилалтуудын нэг гэж үздэг.

Холбоотой мэдээ