Лула да Силва: Европын Холбоо-Меркосурын гэрээг байгуулахад бид бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-26 12:10:57

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 26 /Reuters/. Европын Холбоо /ЕХ/ ба Меркосур бүлэг хоорондын худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурахад бид бэлэн байна, гэхдээ одоо хэлэлцүүлгийг эцэслэн дуусгах нь ЕХ-ноос хамаарна гэж Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва лхагва гарагт мэдэгджээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд тэрбээр үг хэлэхдээ, манай улсын эдийн засаг хөрөнгө оруулагчид болон зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагуудыг урьдчилан тооцоолж байснаас илүү өндөр өсөлттэй байж, өдгөө татварын шинэчлэлийн хуулийг Конгресст хэлэлцэж буй нь тогтвортой байдлыг бий болгоно гэв.


Хэрвээ ЕХ бэлэн байгаа бол бид Бразилд болох “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой гэж тэрбээр сэтгүүлчдэд хэлсэн байна. “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалт ирэх 11 дүгээр сард Рио-де-Жанейро хотноо болох юм.


Европын Холбоо болон Меркосурын хэлэлцээрийг би урьд өмнө нь хэзээ ч ийм өөдрөгөөр харж байгаагүй гэж Бразилын удирдагч нэмж хэлжээ.


Европын дипломат эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 5-6-нд Бразилиа хотноо болсон хэлэлцээний үеэр санал зөрөлдөөнийг арилгахад ахиц дэвшил гарсан байна. Боломж гармагц хэлэлцээг дуусгахаар төлөвлөж байгаа гэж дипломатч хэлсний зэрэгцээ “зарим нэг асуудлаар санал зөрөлдсөн хэвээр байгааг" дурджээ.


Бразилын дипломатчдын ярьснаар, хэлэлцээг гацаагаад байсан байгаль орчныг хамгаалах асуудал болон засгийн газрын худалдан авалтын талаарх санал зөрөлдөөнийг арилгахад ахиц гарсан байна.


Меркосур бүлэг нь Бразил, Аргентин, Уругвай, Парагвай, Боливи улсуудаас бүрддэг. Боливи улс хамгийн сүүлд буюу 2024 оны долоодугаар сард тус бүлэгт нэгдсэн юм. 

 


Холбоотой мэдээ