Судалгаа: Холын хараа муутай хүүхдийн тоо 740 саяд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2024-09-26 17:34:45

МОСКВА, 2024 оны есдүгээр сарын 26 /TASS/. Холын хараа муутай хүүхдүүд, өсвөр үеийнхний эзлэх хувь ойрын 20 жилд хурдацтай өссөөр 2050 он гэхэд 740 саяд хүрнэ гэж Хятадын эмч нар дүгнэжээ. Эрдэмтдийн судалгааг “British Journal of Ophthalmology” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. 


Эрдэмтэд зургаан тивийн 50 улсад хийсэн 300 орчим судалгааны дүнг нэгтгэжээ. Тэдний хийсэн судалгаагаар одоо гурван хүүхэд тутмын нэгнийх нь холын хараа муудсан байна. 


Сун Ятсений нэрэмжит Жуншань их сургуулийн профессор Чэн Яжунаар ахлуулсан эмч нарын баг дэлхийн 50 оронд холын харалган өвчний тархалтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснийхээ дараа дээрх дүгнэлтэнд хүрчээ. Эдгээр мэдээллийг сүүлийн хэдэн арван жилд төрөлжсөн эмнэлгийн үйлчилгээ, бие даасан судалгааны багууд цуглуулсан байна.


Хүүхдүүдийн дунд холын харалган өвчний тархалтын талаарх дэлхийн хэмжээнд хийсэн хамгийн сүүлийн судалгааны дүн 10 шахам жилийн өмнө буюу 2015 онд шинжлэх ухааны тогтмол хэвлэлд нийтлэгдсэн нь судлаачдын сонирхлыг татжээ. Хятадын эмч нар уг мэдээллийг шинэчилж, холын хараа нь муудсан хүүхэд, өсвөр үеийнхний тоо XXI зууны дунд үе гэхэд хэрхэн өөрчлөгдөх талаар урьдчилсан таамаглал гаргахдаа ашигласан байна.


Судалгааны явцад холын хараа муутай хүүхдүүдийн эзлэх хувь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хурдацтай өсөж байгааг баталжээ. XX зууны сүүлийн 10 жилд энэ үзүүлэлт 24 хувь орчим байсан бол 2010 он гэхэд 30 хувь, өнгөрсөн онд 36 хувь болж өссөн байна. Ялангуяа өсвөр насныхны дунд нэмэгдсэн бөгөөд 2020-2023 оны мэдээллээр тэдний 54 орчим хувийнх нь холын хараа мууджээ. Холын харалган өвчтэй хүүхдүүдийн дийлэнх нь Япон (85 хувь), Өмнөд Солонгос (73 хувь), Орос (46 хувь) улсуудад амьдардаг байна.


Эдгээр үзүүлэлт дараагийн 20 жилд үргэлжлэн өсөх бөгөөд холын харалган өвчтэй хүүхэд, өсвөр насныхны эзлэх хувь 2050 он гэхэд 39.8 хувьд хүрнэ. Улмаар 740 сая хүүхдийн холын харааг засах шаардлагатай болох бөгөөд эдгээр хүүхдийн ихэнх нь Азийн хөгжиж буй орнуудад бүртгэгдэх ажээ. Холын харалгантай тэмцэх арга хэмжээг дэлхийн хэмжээнд боловсруулахдаа үүнийг анхаарч үзэх хэрэгтэй гэж эрдэмтэд сануулж байна.

Холбоотой мэдээ