СҮХБААТАР: Уншигч хүүхдүүд чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 27
/МОНЦАМЭ/.
Сүхбаатар аймгийн
номын клубуудын нэгдсэн анхдугаар чуулганд 22 клубийн 178 уншигч хүүхэд, 20 багш оролцож байна. Амжилтаа хуваалцаж, алдаагаа хэрхэн
хамтдаа залруулах талаар хэлэлцэхийн зэрэгцээ уншигч хүүхдүүдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн дэлгэжээ.
Тус аймгийн
сум, сургуулийн номын сангийн дэргэд номын клуб байгуулж, үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Ялангуяа Баруун-Урт сумын ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх клубүүд маш идэвхтэй ажиллах болжээ. Сурагчид ном уншдаг, уншсанаа
бүтээл болгодог,
харилцан туршлагаа хуваалцдаг цаашлаад ингэж клубүүд идэвхжихэд "Судар эгшиглэн" төсөл маш том хөшүүрэг болж буйг Номын сангийн мэргэжилтэн Г.Эрдэнэчимэг ярилаа.
Чуулганыг
11 сумаас уншигч хүүхдүүд зорин ирснээс гадна Мэргэжлийн боловсролын сургуулийн
суралцагчид мөн оролцож байна.
МБС-ийн нэгдүгээр дамжааны суралцагч
Б.Гантөгс Улаанбаатар хотоос шилжин ирж тус сургуульд суралцаж байгаа.
Багаасаа ном унших дуртай байсан учир ирээд шууд сургуулийнхаа уншигчдын клубт
элсжээ. Зорилго, сонирхол нэгтэй найзуудтай болсон нь клубээсээ олж авсан
хамгийн сайхан зүйл гэж тэр ярилаа.
Харин
Г.Болорчимэг, Н.Ангарагмаа нар аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх “Бид
уншигч” клубийн гишүүд. Хичээлийнхээ зав зайгаар клубээрээ цугларч, уншсан номынхоо
тухай мэтгэлцэх, тэмдэглэлээ хөтлөх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна.
Тус клуб
есөн гишүүнтэй. Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус клубийн уншигчид номын тэмдэглэлээ англи хэлээр хөтөлдгөөрөө онцлог.
Манай
гишүүдийн долоо нь нэг ангийн хүүхдүүд. Багш маань англи хэлний багш болохоор бидэнд номын
тэмдэглэлээ хөтлөхөд тусалдаг. Бид клубээрээ гурван жил "Судар эгшиглэн" төслийн уралдаанд оролцож,
шилдгээр шалгарч байсан. Одоо ч бас оролцож байгаа. Нэгдэж нийлээд уншсанаа
хуваалцаж, тэмдэглэлээ монгол, англи хэлээр хосуулан хөтлөхөөр хэлний болон дүрмийн мэдлэг эрс сайжирдаг. Мөн шинээр элссэн гишүүн маань зураг маш сайн зурдаг. Тиймээс номын тэмдэглэлээ зургаар баяжуулах, илүү сонирхолтой болгоход чухад үүрэг гүйцэтгэдэг гэж "Бид уншигч" клубийн
ахлагч Г.Болорчимэг ярилаа.