Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-30 13:07:44

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам өнөөдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.


Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Ламд бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцох юм.


Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоожээ.




Холбоотой мэдээ