СҮХБААТАР: Шар дархан Дамбын Молом

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-01 15:29:57

Баруун-Урт, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ард түмнийхээ дунд "Шар дархан" хэмээн алдаршсан Дамбын Молом багаасаа багшийнхаа ур ухааныг уламжлан авч утсан сүлжмэл, давхар хөөмөл, давхар цохилт буюу давхар ухалттай мөнгөн эдлэлүүд хийж бүтээсэн байдаг.


Тэрбээр 1898 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд иргэн Дамбын хоёр дахь хүү болон төржээ. Өөрөөр хэлбэл Д.Молом ааваасаа мөнгөн урлал хийх арга ухааныг суралцсан бөгөөд Дамба дархан шашны эд зүйл хийхдээ дээд зэргийн нарийн уртай хийдгээрээ алдаршсан нэгэн байжээ.



Харин дархан Д.Молом нь өөрийн бүтээлдээ найман тахил, дөрвөн хүчтэн, тоонолжин хээ зэрэгт лууг хөөцөлдүүлэн хөдөлгөн урлахдаа маш чадварлаг нэгэн. Түүний өвөрмөц хийцийг харуулсан бүтээлийн нэг тод жишээ бол Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа энэхүү мөнгөн аяга юм


Аяганы ёроолд лууг хөдөлгөөнтэйгээр урласан төдийгүй лууны цаад талын дэвсгэрийг төгсгөлгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн наст хээгээр дэвсгэрлэсэн байна.


Аяганы туурганд найман тахилыг товойлгон урлаж, доод хүрээгээр давхар хумсан хээгээр чимэглэж, суурийн хүрээгээр зээг ороосон эмжээртэй өвөрмөц хийцтэй гэдгээрээ онцлог. 

Холбоотой мэдээ