Морин хуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-04 16:10:42

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.


Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллахдаа  урлаачидтай уулзаж, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.


Улсын хэмжээнд 15 урлан, 60 гаруй урлаач бий бөгөөд жилд 3000 морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш уг хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэхүү хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.


Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, ССАЖЗЯ, ХХААХҮЯ, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцов. Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.


Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцолсон юм. Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан бөгөөд энэ чиглэлд Ажлын хэсэг гаргасныг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал дурдлаа. Түүнчлэн МСҮТ-д мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.


Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ. 







Холбоотой мэдээ