Дулаахан өвөлжихийн тулд юуг анхаарах вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-10-07 18:10:02

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өвлийн улиралд хаяанд ирж, гадаа хүйтэрч байгаа энэ үед та өвлийг өнтэй давах бэлтгэлээ хийж амжсан уу?


Бид дулаахан байхын тулд зузаан хувцсаа өмсдөг шиг байшиндаа өнтэй өвөлжихийн тулд сайн дулаалга зайлшгүй шаардлагатай. Сайн халаагуур, түлш гэж эрэл хайгуул болохоосоо өмнө байшингийнхаа дулаалгыг нэг бодоод үзээрэй.

Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл нь дулаалгын ач холбогдлыг таниулах, дулаалгатай болон дулаалгагүй байшин сууцны дулаанын тав тух, жилийн эрчим хүчний хэрэглээ, хүлэмжинй хийн ялгарлыг хэмжих зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллын 100 өрхийн дунд өвлийн хэмжилтийн ажлыг зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн тодорхой өрхийг сонгон хэмжилт хийж, нийгэм-эдийн засгийн судалгаа хийсэн бөгөөд эрчим хүчний ядуурлын эмзэгшилтийн түвшинг тогтоох индексийг үүсгэснээрээ онцлог байв.

Байшингаа дулаалах нь өрхийн түвшинд дараах давуу талуудыг бий болгодог

Хүлэмжийн хийн ялгаралыг багасгана

Судалгааны үр дүнгээс харахад бүтэн дулаалгатай байшинтай айл өрхүүдийн 1м2 түлшний жилийн зарцуулалт нь дулаалгагүй болон хагас дулаалгатай байшинтай айл өрхүүдээс 46 хувь, 37 хувиар тус бүр бага буюу 197.2 кВт.цаг/м2 байна. Өөрөөр хэлбэл нийт судалгаанд оролцсон өрхүүдээс харьцуулалт хийхэд дулаалгатай өрхүүд дулаалгагүй өрхүүдтэй харьцуулахад 2 дахин бага хүлэмжийн хийг ялгаруулдаг болохыг тогтоов. Мөн түүнчлэн 5 см-ийн дээврийн дулаалгатай айл өрхүүдийг авч үзэхэд огт дулаалгагүй өрхүүдээс 0.5 тн-оор бага нүүрс төрөгчийн давхар ислийг ялгаруулж байсан. Байшингаа дулаалснаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулж байгаль орчиндоо ээлтэй амьдрах боломж бидэнд байгааг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.


Дотор орчны агаарын хэмийн хэлбэлзэл багасна

Байшиндаа тухтай амьдрахын хамгийн чухал нэгэн хүчин зүйл бол дотор агаарын хэмийн тогтвортой байдал юм. Өөрөөр хэлбэл дотор агаарын хэм тогтвортой байснаар үүрээр орноосоо босож гал түлэх шаардлагагүй болох юм. Мөн өдөржин таныг ажилдаа эсвэл сургуульдаа яваад ирэхэд дулаахан гэр угтах боломжтой болох юм.

Өвлийн хэмжилтийн 15 хоногийн хэмжилтийн үр дүнгийн дундаж утгаас үзэхэд дотор орчны агаарын хэмийн хамгийн их болон бага утгын зөрүү бүтэн дулаалгатай өрхүүдийн дунд 8°C байсан. Харин дээврийн 5 см дулаалгатай өрхүүдийн хувьд 10.5°C, дулаалгагүй өрхүүдийн хувьд дээрх ялгаа дунджаар 11.4°C байсан. Доорх зурагт дулаалгагүй өрхийн дотоод орчны агаарын хэм нэг өдөрт хэрхэн буурч буйг дүрслэв. Үүнээс агаарын хэм буурах тусам дотор агаарын чийгшлийн хэмжээ нэмэгддэг зүй тогтлыг харах боломжтой.


Дулаан шийдэл төслөөр дамжуулан байшингаа дулаалсан иргэн н.Оюунсүрэн дулаалгын ач холбогдлын талаар ярихдаа, “Манайх өвөл 24 цагийн дотор 2 шуудай түлш хэрэглэдэг, шөнө болгон 4 цагт босож галлахгүй бол амнаас уур савсаж сэрдэг байсан. Заримдаа мартаад унтчихвал 6 цагт бүгд даараад сэрдэг байсан. Дулаан шийдэл төслийн бригадуудаар дээврийн болон ханын дулаалга хийлгэснээр хойш үүрээр сэрж галлах эсвэл гэрт эзгүй байж байгаад орж ирэхэд гэр минь дулаахан угтдаг болсон” гэжээ.


Түлш, цахилгааны зардал багасна

Судалгаанд оролцсон нэг өрхийн түлш болон цахилгааны жилийн дундаж зардал 1,215,359 төгрөг байна. Энэхүү зардал нь байшингийн хэмжээ болон дулаалгатай эсвэл дулаалгагүй гэдгээс хамааран өөр өөр байх боломжтой тул 1 м2 талбайгаар тооцон сарын дундаж зардлыг тооцож үзэхэхэд:

Бүрэн дулаалгатай байшин: 3423 төгрөг

Хагас дулаалгатай/ дээврийн дулаалгатай байшин: 4,397 төгрөг

Дулаалгагүй байшин: 4833 төгрөг байв.

Эндээс харахад дулаалгатай байшингийн түлш болон цахилгааны дундаж зардал дулаалгагүй байшингийнхаас 40 орчим хувиар бага байна.

 

Хүйтний улиралд өвчлөл багасна

Хүйтний улиралд өвчлөлөөс шалтгаалж, өрхийн эрүүл мэнддээ зарцуулах зардал судалгаанд оролцогчдын дунд өвлийн улирлын турш 30,000-2,000,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Үүнтэй холбоотой ажил, хичээл сургуулиасаа чөлөө авах тохиолдол цөөнгүй гардгыг судалгааны үр дүн харуулж байна. Тухайлбал:

15-64 насны бүлгийн гишүүд 5-14, дунд анги, цэцэрлэгийн насны хүүхдүүд дунджаар 3 өдрийн чөлөө авдаг. Судалгааны үр дүнгээс харахад байшингаа дулаалснаар ханиад томууд өртөх нь багасч үүнтэй холбоотой зардал мөн буурсан байна.

Эрчим хүчний ядуурлын эмзэгшилтийн түвшинг тогтоох индексийг үүсгэхдээ судалгаагаар хэмжсэн параметрүүдийг цөөрүүлэх байдлаар гол нөлөөлөх хүчин зүйлийг эрэмбэлэхийн тулд Рrincipal Component Analisys (PCA) буюу Үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн шинжилгээ хийсэн. Уг статистик шинжилгээний дүнд эрчим хүчний эмзэгшилд хамгийн их нөлөөтэй хүчин зүйлүүд нь эрчим хүчинд зарцуулах зардал, байшин сууцны нөхцөл байна. Нийт судалгаанд оролцогчдын 47 хувь нь сарын нийт орлогын 10 хувиас илүүг халаалтанд зарцуулдаг бол Үндэсний статистикийн хорооноос тогтоосон суурь хэрэгцээг хангах боломжгүй хэд хэдэн өрх сарын орлогынхоо 30-45 хувийг эрчим хүчний зардалд зарцуулдаг тохиолдол ажиглагдсан. Халаалтын нөхцөл хангалтгүй, эрчим хүч хэмнэх арга барил дутмаг байгаа нь ялангуяа бага орлоготой өрхүүдийн санхүүгийн дарамтыг ихэсгэж байна. 

Тэгвэл дулаан алдагдлаа багасгаж, эрчим хүчний зардлаа багасган дулаахан өвөлжихийн тулд өрхүүд юуг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? 

1.Байшингийнхаа дулаан алдагдлаа хэмжүүлээрэй 

2.Сургагдсан бригадаар чанартай зөв технологиор дулаалгаа хийлгээрэй (Дулаалгыг сургагдсан бригадаар хийлгэх чухал бөгөөд өөрсдөө дур мэдэн хийснээс болж төдийлөн үр дүнгүй байдаг.)


Судалгаанд оролцсон өрхүүд, мэдээлэл цуглуулахад хамтарч ажилласан сайн дурын идэвхтэнүүддээ дахин талархал илэрхийлье. 


Та бүхэн “Дулаан Шийдэл” төсөлд хандаж, байшингаа дулаалуулах үйлчилгээ авахыг хүсвэл 7505-2000 дугаарын утас, www.dulaalga.mn цахим хуудас, “Дулаан Шийдэл Төсөл” фейсбүүк хуудсаар тус тус холбогдож зөвлөгөө, үйлчилгээ аваарай.


Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төслийн тухай Дулаан Шийдэл II төсөл нь дөрвөн жилийн хугацаанд нийт 5,900 айл өрхөд эрчим хүчний хэмнэлттэй шийдэл хэрэгжүүлэх, 160 барилгын бичил, жижиг дунд бизнэс эрхлэгчдийг чадавхжуулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 17,700 тонноор бууруулах зорилготой ба төслийг Жэрэс ОУТББ, Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац, Монголын Эмэгтэйчүүдийн Сан хамтран хэрэгжүүлж байна.


Дулаан хэмжилтийн дэлгэрэнгүй тайлантай эндээс танилцана уу.




Холбоотой мэдээ