Монгол Улс 2028 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-09 12:42:05

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн батлав.


Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбар дахь ололт амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна.


Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ