БАЯНХОНГОР: Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг гурван өдөр зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-09 14:54:52

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг аймгийн Засаг даргын захирамжаар хориглолоо.


Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Ийнхүү аймгийн нутаг дэвсгэрт гурван өдөр буюу 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг зогсоож байна.


Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулах бөгөөд тухайн өдөр бүх нийтийн амралтын өдөр байх юм. Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

Холбоотой мэдээ