БАЯНХОНГОР: Дэлхийн стандартын өдөр тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-14 18:30:04

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс 1979 онд Олон улсын стандартчлалын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж буй. Энэ жилийн стандартын өдрийг Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар тэмдэглэж байна.


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын харьяа Баянхонгор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Стандарт хэмжил зүй гэсэн бие даасан байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж, Хэмжил зүйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Стандарт, хэмжил зүйн газрын даргын тушаал шийдвэр, аймгийн ИТХ, аймгийн Засаг даргаас гарсан шийдвэрүүд болон бусад хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.


Хэмжил зүйн баталгаажуулалт:

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагын хэмжих хэрэгслийг баталгаажуулж, шалгалт тохируулгыг хийж байна. 2023 онд нийт 3348 цахилгааны тоолуур, 767 жин, шатахуун түгээгүүрийн 206 хошуу, дулаан даралтын 396 баталгаажуулалт хийсэн байна.


Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт:
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд, нийтийн хоолны газар, баар, ресторануудад үнэлгээ хийж стандартын шаардлагуудыг мөрдүүлэн тохирлын гэрчилгээ олгон ажиллаж байна. 2023 онд 185 дэлгүүр, нийтийн хоолны 29 газар, 7 зочид буудал жуулчны бааз, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард, үсчин гоо сайхан, хүүхдийн зуслан зэрэг 224 газарт тохирлын гэрчилгээ олгож ажилласан бол энэ сарын 26-ны байдлаар 156 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээ олгоод байгаа юм. Мөн иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлж тохирлын гэрчилгээ олгодог. 2023 онд 10 ААН-ийн 6 төрлийн 9 нэрийн 11 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосон бол 2024 онд 7 бүтээгдэхүүн тохирлын гэрчилгээ олгожээ.


Сорилтын лаборатори:

Хүрээлэн буй орчин хүнсний аюулгүй байдлын хангах хими нян судлалын лаборатори тус хэлтсийн дэргэд ажиллаж байна. Хэрэглэгчдийн хэрэглэж байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд химийн элемент зөвшөөрөгдөх хэмжээ байгаа эсэх, түүнд нянгийн бохирдол хэдэн хувь байгааг тодорхойлдог тус лаборатори нь иргэн, ААН-ийн хүсэлтээр болон улсын байцаагчийн хяналтаар ирүүлсэн дээжид шинжилгээ хийдэг. 2023 онд 1189 дээжид 4328 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 181 дээжийн 226 үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй байна.


Баруун бүсийн Үнэт металлын сорьц тогтоох лаборатори:

Тус лаборатори нь 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд иргэн, ААН-ийн олборлосон алтыг сорьцолж “Эх орны баялгийг эрдэнэсийн сандаа” тушаах боломжийг бүрдүүлдэг. 2023 онд 12 иргэн 18 ААН алтыг хайлж гулдмайлан сорьцолж Монгол банканд тушаах боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2023 онд сорьцолсон алтны хэмжээтэй тэнцэх алтыг 2024 оны эхний 10 сард сорьцлоод байна.


Стандарт хэмжил зүйн газраас 2024 оныг “Стандарт хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх” жил болгожээ. Өнөөдөр манай улсад 5527 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд үүний 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн стандарт байдаг байна. Энэхүү стандарт болон холбогдох бусад мэдээллийг иргэд estandart.gov.mn сайт руу хандаж танилцах боломжтой.

Холбоотой мэдээ