Бизнес эрхлэгчид их хурлаа хийж ерөнхийлөгчөө сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-21 09:20:12

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөл өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт хуралдаж, МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг энэ оны 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.


МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдсан, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг ТББ юм.


МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд:

  • Танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,
  • Танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,
  • УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.

Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигч нар товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар тасалбар болгон МҮХАҮТ-ын нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх аж

МҮХАҮТ-ын гишүүн нь энэ оны 6 дугаар сарын 3-наас өмнө Танхимд гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй юм байна.

 

Холбоотой мэдээ