Армийн олимпоос хоёр хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2015-10-08 16:23:23

БНСУ-ын Мунгён хотод болж буй Армийн дэлхийн спортын зуны VI наадмын чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөв.  70, 86 кг-ын жингийн барилдаанаас манай хоёр тамирчин хүрэл  медаль хүртлээ.

70 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Египетийн бөх Еад Ибрагимийг 10:0, хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Тим Мюлллерийг 8:0, 2:0 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Ж.Азимовт 1:0, 6:2 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд Украйны бөх Е.Хабеловыг 1:0, 10:1 онооны харьцаагаар хожжээ.

86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт Швейцарийн бөх Марко Лукас Рейзенийг 6:4, 4:0, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Гван Укыг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд Оросын бөх Шамиль Кудиямагомедовт 2:6, 0:4 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд ХБНГУ-ын бөх Ульям Хартыг 2:0, 1:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Ийнхүү армийн олимпоос хоёр хүрэл нэмж хүртээд байна. 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хаш-Эрдэнэ, 125 кг-ын жинд спортын мастер Чойжилсүрэнгийн Мөнхтогтох нар тусгай байрт орсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ