ӨВӨРХАНГАЙ: Шүд угаалтын аварга шалгаруулах олимпиад ирэх сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-25 07:34:44

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах олимпиад 11 дүгээр сарын 22-нд болно. “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх, шүдээ зөв угаах аргачлалыг эзэмшүүлэх, шүдээ тогтмол угаахын ач холбогдлыг хүүхдүүдэд таниулах, сурталчлах зорилготой тус тэмцээнийг өнгөрсөн жил Арвайхээр сумын хэмжээнд анх удаа зохион байгуулсан.



Тэгвэл энэ жил аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулан хоёр үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд аймгийн ЭМГ-аас ерөнхий боловсролын сургуулийн эмч, арга зүйч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад арга зүйн сургалт явуулж, олимпиадад хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.


Шүдээ зөв угааж сурах нь шүд цоорол, амны хөндийн өвчлөл, үрэвслээс сэргийлэх эхний алхам юм. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүддээ энэ аргачлалыг төдийлөн сургадаггүй, хэвшүүлдэггүйгээс шалтгаалан хүүхдийн дунд шүдний өвчлөл маш их байна. Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг таван жил тасралтгүй зохион байгуулснаар тодорхой үр дүн гарч эхэлнэ хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байв.



Түүнчлэн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран амны хөндийн эрүүл ахуйн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор үе тэнгийн сургагч багшийг бэлтгэж байна.


19 сумын ерөнхий боловсролын 30 сургуулийн 9-10 дугаар ангийн 60 сурагч “Сургагч багш”-аар бэлтгэгдэн үе тэнгийнхэндээ болон цэцэрлэгийн сурагчдад амны хөндийн зөв дадал хэвшлийг сурталчлан таниулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Холбоотой мэдээ