Японы эрх баригч эвсэл олонхын суудлаа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-28 11:25:14

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 28 /Kyodo/. Ням гарагт болсон сонгуулиар Японы эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимд олонхын суудлаа алджээ. Ингэснээр Ерөнхий сайд Шигэрү Ишиба засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд эвслээс гадна нэмэлт дэмжлэг хайх шаардлагатай болж байна.


Ш.Ишиба намаараа удирдуулсан шинэ засгийн газар байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Либерал болон барууны үзэл баримтлалтай хүчнүүдээс бүрдсэн сөрөг хүчний намуудын хувьд бодлогын зорилго зорилтууд нь зөрүүтэй учраас эвсэл байгуулах чиглэлд хамтран ажиллахад хүндрэл учрах төлөвтэй байна.


Хандив санхүүжилттэй холбоотой дуулианы улмаас эрх баригч Либералрдчилсан намд үл итгэх байдал улам гүнзгийрч байгааг сонгуулийн тааруу дүн харууллаа. Эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимын 465 суудлын 215-ыг авсан нь өмнөх танхимд эзэлж байсан 288 суудлаас огцом цөөрч, улмаар олонхын байр сууриа хадгалах зорилгодоо хүрч чадсангүй.


Сонгогчдын ирц 53.84 хувьтай байсан нь 2021 онд болсон өмнөх сонгуулиас 2 орчим хувиар буурсан бөгөөд дайны дараах үеийн гурав дахь доод үзүүлэлт болжээ. Харин эмэгтэй хууль тогтоогчдын тоо 73-д хүрч, дээд амжилт тогтоосон байна. Ням гарагт болсон сонгуулиар сонгогч тус бүр хоёр санал өгсөн бөгөөд нэг нь нэг мандаттай тойрогт нэр дэвшигчийг сонгох, нөгөө нь пропорциональ аргаар намыг сонгож санал өгчээ.

Холбоотой мэдээ