ГОВЬ-АЛТАЙ: Сийлбэрч О.Сандагийн зааны ясан шатар орон нутгийн музейд бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сийлбэрч О.Сандагийн урласан зааны ясан шатар Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейн ховор нандин үзмэрт тооцогддог.
Зааны ясан шатрыг тус аймгийн Шарга сумын харьяат сийлбэрч О.Сандаг 1965 онд урлан музейд бэлэглэжээ. Уг шатрын хар, цагааны талыг өөр өөр дүрсээр буюу 32 дүрслэлтэй бүтээсэн ба нэг амьтны дүрс дахин давтагдаагүйгээрээ онцлогтой бөгөөд шатрын хөлгийн хэмжээ 34x 34 см, жин 1,125 кг ажээ.
Тухайлбал, хар талын хүүг ямаа, цагаан талын хүүг хониор дүрсэлжээ. Түүнчлэн шатрын хөлгийг тойруулан мөн ясан хээг цоолборлон 15 ширхэг хээ угалз гарган чимэглэсэн нь шатрыг уран чадварлаг бодит байдлаар монгол зураг, баримлын аргаар бүтээсэн тухай Говь-Алтай аймгийн орон нутаг судлах музейн тайлбарлагч С.Мягмардулам онцлон танилцууллаа.
Сийлбэрч О.Сандагийн өвөг эцэг нь сийлбэр урлал хийхээс гадна шар усыг буцалган хуванцар гарган авч эд материал хийдэг байсан гэгддэг. Өвөг эцгийнх нь энэхүү уран чадвар түүнд өвлөгдөн түүнээс үр хүүхдүүдэд нь өвлөгдөн уламжлагдаж ирсэн хэмээн нутгийн хөгшчүүл өдгөө ч ярьдаг байна.
Нүүдэлчин монголчуудаас хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт оруулсан олон төрлийн эвлүүлэх, угсрах, зангидах болон хөлөгт тоглоомын нэг бол шатар юм. Монгол шатар нь хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд VII зууны үед Монгол даяар ихэд дэлгэрчээ. Шатрын дүрсүүд, нэр, томъёо, нүүдэл зэрэг нь дан ганц мал аж ахуйтай уялдсан байдаг ба цэрэг дайны холбогдолтой үг үсэг, шатарт хэрэглэгдэггүй нь эв ёсыг эрхэмлэдэг малчин ардын үүсгэсэн тоглоом болохын нэг баталгаа юм. Монгол шатар тоглох дүрэм бүх монгол хэлт аймгийн хувьд нэгдмэл байдаг.