БАЯНХОНГОР: Бие даалтын 7 хоногт "Сүү" хөтөлбөрийг таслахгүй хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-30 14:24:10

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1-12 дугаар ангийн 21 бүлгийн 566 сурагчийг хамруулж буй. Сургуулийн захиргаанаас удирдамж гарган, эмчээр ахлуулсан ажлын баг хяналт тавьж тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн удирдамжийн дагуу бага анги даваа, лхагва, баасан, дунд ахлах анги мягмар, пүрэв гарагт сүү ууж хэвшжээ. Нэг ангийн сурагчид нэг өдөрт 3-6 литр сүү, нэг хүүхэд 120-250 гр сүү хэрэглэж байгаа бөгөөд энэ жишгээр уухад нэг анги сард 18-40 литр сүү зарцуулж байна.


Анги удирдсан багш нар эцэг эх асран хамгаалагчдаа хуваарь гарган 1 өрх сард 1 удаа "Сүү" хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлж байгаа бөгөөд бие даалтын 7 хоногийн үеэр ч сүү хөтөлбөр үргэлжилж байгаа юм.


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Өдөр бүр нэг аяга сүү" зорилтот ажлыг санаачилж, аймаг, дүүргүүд дэмжин хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль ийнхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ