ОРХОН: С.Түмэнбаяр: Багш маань уран дархан хүн шуналгүй байх ёстой гэж сургасан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Аавынхаа гарын ур дүй, багшийнхаа ур чадвар, өөрийнхөө хичээл зүтгэлээр уран дархны урлагт 30 гаруй жил зүтгэж байна гэснээр Эрдэнэт хотын унаган иргэн, уран дархан С.Түмэнбаяр бид хоёрын ярилцлага эхэллээ.
-Аавыг тань гарын дүйтэй, ар
гэртээ түшигтэй, үр хүүхдэдээ сайхан үлгэр дуурайлал үзүүлдэг байсан гэж сонссон. Аавыгаа дурсан ярих уу?
-Баярлалаа. Миний аавыг Сүрэнхорлоо гэдэг. Аав, ээж хоёр маань 1974 онд Эрдэнэт хотод анх илгээлтээр ирж “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Би тэр үед дөрвөн настай байсан. Одоо бол би Эрдэнэтийн унаган иргэн. Манай аав юмханаар юм хийдэг, техник сэтгэлгээтэй, байнга л ажиллаж байдаг хүн байсан. Төмөр, мод, чулуугаар юу л бол юу хийнэ. Хүүхдүүдэдээ зориулаад ор ч хийж байх шиг. Тэр үед юм ховор, одоогийнх шиг дэлгүүрээс шууд худалдаад авчихгүй, өөрсдөө л хийдэг байсан үе.
Техник сэтгэлгээтэй учир машин,
мотоцикл их засна. Багаасаа л аавынхаа хөдөлмөрч занг харж өссөн болохоор ажиллаж байж
сайхан амьдарна гэсэн бодолтой явдаг. Миний
амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл аав минь бас уран дархны багш н.Отгон хоёр маань байна. Одоо ааваас минь үлдсэн
үйсэн иштэй хутга, хэдэн цөөхөн багаж нь байна. Намайг бага байхад аав маань
үйсэн иштэй хутга хийдэг байсан. Тэрийг
хараад би өөрөө ийм хутга хийж үзэх юмсан гэж боддог байлаа. Одоо тэр бүгд гэрт
минь хадгалаастай байгаа.
-Багштайгаа хэдэн онд танилцаж
байв?
-1991 онд цэргийн албаа хаагаад бусдын жишгээр ганзагын наймаанд явлаа. Тэгсэн бүтэлгүйтээд. Ажил олж хийе гэж бодож байтал “Монголын урчуудын эвлэл” татан буугдаж тэндээс гарсан зарим хүмүүс “Авъяастан” ХХК байгуулаад ажиллаж байхтай нь таараад тэнд ажилд орсон. 1994 онд анх ажилд ороход н.Отгон багш намайг угтаж аваад ур чадварыг минь шалгаж үзээд болохоор л юм байна гэж урам өгсөн. Багшийгаа зэс хөөмлөөр бүтээл урлаж байгааг хараад би ингэж хийж чадах болов уу гэхэд, “Чи авъяастай л юм байна шүү дээ, хичээвэл чадна” гэж хэлэхэд зориг орсон.
Ингээд багштайгаа хамт Жанрайсэг бурхны найман
тахил дээр ажилласан. Тэр үед монголын
бүх уран дархан нийлээд Жанрайсэг бурхан бүтээхэд хамтран ажиллаж байсан.
Багш бид хоёр найман тахилыг хийхэд би анх удаа тийм том бүтээл дээр ажиллаж
олон зүйл сурсан. Надад том туршлага, дадлага, мэдлэг өгсөн. Дараа нь бид
хоёр Их тэнгэрийн ам дахь монгол гэрийн гуулин чимэглэлийг хийсэн. Энэ бүгд
ажил, амьдралын маань гараа болсон гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш өдийг хүртэл
суралцсаар л явна. Одоо технологи хөгжөөд улам л сайхан болж байна. Багш маань
бие нь чилээрхээд дөнгөж 53 насандаа өөд болсон. Багшаасаа сурсан эрдмээ бусдад
зааж, багшийнхаа замаар ажиллахыг хичээж явна. Өөрөө ч шавь сургаад явж байна.
Одоо хоёр шавьтай.
-Багшаасаа ямар эрдэм өвлөж авсан бэ?
-Багшаасаа авсан эрдэм их бий. Манай багш цаг ягштал баримтална. Хийж байгаа
зүйлээ чин сэтгэлээсээ хийнэ. Бас дархан хүн шуналын сэтгэлгүй байх ёстой гэж байнга
хэлнэ. Би энэ гурвыг өөртөө шингээж, мөрдөж ажиллахыг хичээдэг. Уран
дархан хүн шуналын сэтгэлтэй бол цаашаа хөгжихгүй, сайхан бүтээл гарахгүй.
Тиймээс хүний үнэтэй зүйлд нүд унагаж болохгүй гэж байнга хэлдэг байсан. Би
үүнийг нь өөрийн зарчим болгодог. Уран дархан хүн шуналгүй байх
ёстой, бүтээлдээ чин сэтгэлээсээ ханддаг байх ёстой. Мөн цагийн юм цагтаа буюу
цаг хугацаанд нь гүйцэтгэх ёстой гэж боддог.
-Таны анхны бүтээл Жанрайсэг бурхныг
бүтээхэд гар бие оролцсон гэлээ. Энэ бас их авшиг шүү. Мөн агуулга талаасаа ч
сайхан бэлгэдэлтэй юм.
-Тийм ээ. Би хааяа гандан орохоороо багштайгаа хийсэн бүтээл минь шүү дээ
гэж багшийгаа дурсан бодох дуртай. Бас хийсэн бүтээлдээ ч дүгнэлт хийнэ. Одоо техник,
технологи хөгжсөн энэ үед үүнийг улам гоё хийнэ дээ гэж боддог.
-Багшаасаа хойш ямар том бүтээл
дээр ажиллав?
-Багшаасаа хойш хоёр бурхан хийж, өөрийгөө сорьсон. Баян Намсрай бурхныг мөнгөөр урласан. Дархан хүн хэд хэдэн ур чадварыг эзэмших хэрэгтэй байдаг. Хөөмөл, цутгуур, зүймэл, утсан сүлжмэл, ган дээр сийлбэр хийх гээд. Би багшаасаа хөөмөл, цутгуур хоёрыг сайн сурсан. Түүгээрээ дагнаж байгаа. Баян Намсрай бурхныг анх өөртөө зориулж хийж үзсэн. Хүний захиалгаар хийхээр буруу хийчихвэл болохгүй гэдэг утгаараа эхлээд өөртөө зориулж хийгээд үзье гэж шийдээд судалгаа сайн хийсэн. Тэгсэн тэр бурхныг маань нэг хүн харчихаад захиалга өгсөн. Ингээд хоёр дахь удаа баян Намсрай бурхны хөрөг хийсэн.
-Захиалагч бүтээлээ аваад юу гэж
хэлсэн бэ?
-Захиалагч маань өндөр боловсролтой хүн байсан. Тэр хүн надад, “Би монгол
дархны ур ухаан, гараар бүтсэн бурхныг гэртээ шүтэж байгаадаа баярлаж байна”
гэсэн. Өнөө цагт хятад, төвөдөд бүтээсэн янз бүрийн бурхан байгааг хаа сайгүй л
мэдэж байгаа. Тэр утгаараа хэлж байх шиг санагдсан. Захиалагч маань энэ сайхан
бурхныг гээж, үрэгдүүлэхгүй үр хүүхдэдээ өвлүүлнэ гэж хэлсэн нь сайхан
санагдсан.
-Нутаг, нутгийн дархчуудын бүтээлийн онцлог, ялгаа, хэв маяг гэж байгаа. Та
бүтээлээ урлахдаа баримталдаг зарчим юу вэ?
-Ямар ч уран дархан өв соёл, уламжлалт хэв маяг, монгол ур ухааныг хөндөхгүйгээр
бүтээлээ туурвихыг хичээдэг. Уламжлалыг хадгалж явах нь бидний үүрэг, ёс зүй
байдаг. Иймд бүтээлийнхээ загварыг гаргахдаа уламжлалаа хадгалж, судалж хийдэг.
Жишээ нь зэс домбо л гэхэд анх халуун савны дотор саванд тохируулж домбоо
шулуун хийдэг байсан бол би өөрөө хийхдээ домбоо конусан хэлбэрээр хийдэг байсан.
Монгол домбын хийц конусан хэлбэртэй. Үүнийг нь алдагдуулахгүйгээр зэс домбоо
хийдэг.
-Монгол уран дархны хөгжлийг
хэрхэн харж байна вэ?
-Монголд уран дархны хөгжил сайн байгаа. Сайн ч хөгжиж байгаа. СУИС-д монгол
дархны анги нээсэн. Дээд боловсролтой дархчууд бий болж байна. Мэргэжлийн
сайхан багш нар зааж байна. Техник, технологи сайн ашиглаж байна. Хийж буй
бүтээлүүд нь өвөрмөц, төгс байна. Социализмын үед монгол дархны хөгжил бараг зогсонги,
устах эрсдэлтэй байсан. Манай багш ярьдаг байсан юм. Танилдаа ээмэг, аяга хийж
өгөх гэж хаалга үүдээ хаагаад, хүн амьтнаас нуугдаж байж засаж, янзалдаг байлаа
гэж. Тэр үед уран дархны урлаг бараг
мөхсөн гэхэд хилсдэхгүй. Харин одоо
сэргээд хүмүүс ч үнэ цэнийг нь ойлгодог болж. Мэргэжлийн сургууль, мэргэжлийн
багш нар байна. Цаашид улам сайхан хөгжинө гэдэгт итгэж байгаа.
-Манай Эрдэнэт хотыг зэсгүйгээр
төсөөлшгүй. Таны бүтээлд зэс, зэсэн урлал хэр их зонхилдог вэ?
-Ер нь зэс, гуулиар бүтээл хийдэг. Зэс, гуулин домбо, сав, хувин гээд. Ирэх
сард манай аймагт “Зэс фестиваль” болно.
Тэнд зориулж бүтээл хийж байгаа. Хүрэл цутгуур, зэс багууд гээд. Тэр үеэр ирж
сонирхоорой. Мөн Эрдэнэт хотын унаган иргэний хувьд аймгийнхаа музейд өөрийн бүтээлээ бэлэглэнэ гэж бодож явдаг.
-Танд баярлалаа.