Статистикийн мэдээллийг ашиглах, хэрэглээг нэмэх шаардлагатайг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-01 15:10:31

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Статистикийн албаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо.


Хурлын үеэр "Хүүхэд хөгжил”, “Нийгэм, эдийн засаг, байгаль орчин”-ы судалгаа шинжилгээний бүтээлээр илтгэл танилцуулан, хэлэлцүүллээ. Оролцогчид “Албан ёсны статистик мэдээлэл нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны аливаа өөрчлөлт, үйл явцын шалтгаан, мөн чанарыг бодитой үнэлж, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийн явцыг хянаж, нотолгоонд суурилсан бодлого боловсруулахад баталгаатай эх үүсвэр болдог. Тиймээс бодлого боловсруулагч, бусад оролцогч талын статистикийн мэдээлэл ашиглах чадавхыг сайжруулах, статистикийн мэдээллийг танилцуулан сурталчлах ажлыг өргөжүүлж, мэдээллийг ашиглах хэрэглээг улам бүр нэмэх шаардлагатай”-г онцолж байв.


Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан хурал нь албан ёсны статистикийн мэдээлэл ашиглан судалгаа, шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаач, шинжээчдийг дэмжих, статистик мэдээлэл ашиглан аливаа шийдвэр гаргах ач холбогдлыг олон нийтэд таниулж, мэдлэг мэдээллийг нэмэх зорилготой юм.


Монголчууд эрт үеэс хүн ам, цэрэг, малын тоогоо бүртгэж, тоон мэдээлэлд болон шийдвэр гаргахдаа ашиглаж байсан баримтыг түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин орчин цагийн статистикийн албаны суурийг 1924 оны 11 дүгээр сарын 11-нд тухайн үеийн Дотоод яамны бүтцэд тоо бүртгэлийн хэлтсийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар тавьсан гэдэг. Үүнээс хойш 100 жил өнгөрч, энэ байгууллага мэдээллийн чанар, хүртээмжтэй байдлаараа дэлхийн жишигт хүрч хөгжсөөр байгаа.


Түүнчлэн, ойгоо угтан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн ашиглах ыг танилцуулсан юм. Тухайлбал, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан (www.1212.mn), нийслэлийн Статистикийн газрын (www.ubstat.mn) цахим хуудас, Төрийн нэгдсэн өгөгдлийн сан, Төрийн мета өгөгдлийн сангаас сонирхсон мэдээллээ авах заавар зөвлөгөө өгөв. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас түүвэр судалгаа авахын зорилго, ач холбогдлыг тайлбарлахаас гадна статистикийн мэдээ, мэдээлэл, судалгаа, тооллогод ашиглаж ирсэн тоног, төхөөрөмжийн үзэсгэлэнг толилуулжээ. 


Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд энд хүн амын 46.7 хувь нь оршин сууж, нийт аж ахуйн нэгж, байгууллагын 70.6 хувь нь үйл ажиллагаа явуулдаг юм.


Холбоотой мэдээ