Д.Оросоо: Мэдээллийн эрх зүйн нарийвчилсан ойлголт, зохицуулалт дутагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум өнөөдөр “Новотел” зочид буудалд боллоо.
Монголын Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО-гийн “Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сан”-гийн дэмжлэгтэй зохион байгуулсан уг форумоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, худал мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт зэрэг хэвлэл мэдээллийн эрх зүйн тулгамдсан асуудлыг хуульч, өмгөөлөгч, шинжээч, судлаач, сэтгүүлчид олон талаас нь авч хэлэлцлээ.
Тодруулбал, байгуулагдаад удаагүй байгаа, Үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөний төлөө хуульчдын сүлжээний гишүүн байгууллагууд болох
Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдын болон Шүүгчдийн холбоо, Монголын
Эмнести интернэйшнл болон “Глоб интернэйншнл” төв, Монголын Хэвлэлийн хүрээлэн,
Хууль зүйн нийгэмлэгийн удирдлага, хуульч өмгөөлөгч, сэтгүүлчдийн төлөөлөл
оролцож санал бодлоо хэллээ.
Мөн НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните нар форумын нээлтэд оролцож үг хэллээ.
Форум Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг боловсронгуй болгох хуулийн
төслийг хэлэлцэж буй цаг үед болж, энэ талаар санал бодлоо нэгтгэх зорилгоор
зохион байгуулж байгааг Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах
тодотгон хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, бид төр байгаа цагт, иргэд байгаа учир, тэдний хооронд эрх чөлөө, эрхийн төлөөх өрсөлдөөн байдаг учир хэвлэлийн эрх чөлөөний талаар байнга ярьж, өдөр бүр тэмцэж байх ёстой зүй тогтол юм. Энэ нь сайн, муу төр байгаагаас үл хамаарах асуудал юм хэмээн тодотгоод хэвлэл мэдээллийн эрх зүйн талаарх хууль, тогтоомжийг танилцууллаа.
Хууль зүйн нийгэмлэг (LIRS) бодлогын судалгааны байгууллагын захирал, хууль, өмгөөлөгч Д.Оросоо, худал мэдээлэл тараах нь гэмт хэрэг бөгөөд энэ талаар манай улсад хуульчилсан. Гэхдээ эрх зүйн ойлголтгүй, нарийвчилсан зохицуулалт, журамгүйгээс энэ талын эрх зүйг судалж, нягтлахгүй, зөвхөн нэг талын буюу гомдол гаргагчийн эх үүсвэрээр шийдэж байна. Нэг ёсондоо манай улсад хэвлэл мэдээллийн эрх зүйн нарийвчилсан ойлголт, зохицуулалт дутагдаж байгааг онцлон хэллээ.
Манай улсад ЮНЕСКО-гийн
“Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сан”-гийн дэмжлэгтэйгээр “Үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөний төлөө хуульчдын сүлжээг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж
байна. Хэвлэл мэдээллийн форумыг уг төслийн хүрээнд зохион байгууллаа.
Мөн маргааш буюу жил бүрийн 11 дүгээр сарын 2-ний өдөр дэлхий нийтэд тэмдэглэдэг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг, ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг угтан “Глоб интернэйшнл” төвөөс өнөөдрийн форумын хөтөлбөрт “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл” сэдвийг оруулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.