Засгийн газрыг огцруулах хангалттай үндэслэл болно гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-08 17:34:10

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Г.Уянга нар өнөөдөр Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн талаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Цэц өмнө нь “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах нь  Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан юм. Уг дүгнэлттэй холбогдуулж УИХ-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Ганбат нар ажиллажээ. Иймд дээрх гишүүд ажлын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн нь энэ юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 8 дугаар сарын 12-ны өдөр цэцэд хандаж хүргүүлсэн тайлбартаа “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхгүй” гэсэн байдаг. Гэтэл цэц мөн үүнтэй адил дүгнэлт гаргасан байна" гэв.

Түүнчлэн уг ажлын хэсэг Хөрөнгө гаргах тухай Засгийн газрын 2015 оны 9 дүгээр 07-ны өдрийн 357 тоот тогтоолыг судалсан байна. Ингэхэд 2017 онд тэмдэглэх Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулж цэц 933 сая төгрөг төлөвлөснөөс Засгийн газар 331 сая төгрөгийг нөөцөөс гаргахаар шийдвэрлэжээ. Засгийн газрын тусгай сангийн хуулинд тусгаснаар нөөц сангийн хөрөнгийг байгалийн гамшиг, томоохон осол зэрэгт зарцуулахаар нэрлэсэн байдгаас ойд зориулсан ном товхимол хэвлүүлэхэд шилжүүлнэ гэсэн заалт байдаггүй гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэллээ.

Үүний зэрэгцээ Засгийн газрын Автобааз Үндсэн хуулийн цэцийн даргын албан хэрэгцээнд 195 сая төгрөгийн үнэ бүхий Lexus 570 суудлын автомашин авч өгсөн байх ба урьдчилгаа төлбөр гэж 100 сая төгрөгийг өнгөрсөн сарын 10-нд төлсөн зэргээс үзэхэд Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлөх зорилготой байсан гэж ажлын хэсэг дүгнэснийг энэ үеэр мэдээлэв.

УИХ-ын гишүүн Г.Уянга 331 сая төгрөгийг шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоол гарах үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг тодотгоод төрийн албан хаагчдын цалинг хасах тухай ярьж байхад үнэтэй худалдан авалтыг Засгийн газар зохион байгуулж байгааг буруутгав. Мөн Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ Дубайн гэрээтэй холбон тайлбарлаж байсан бол цэцийг хахуульдах гэсэн энэ оролдлого нь л огцруулах хангалттай үндэслэл болно гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрын тэргүүнийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдээд Засгийн газар болон Үндсэн хуулийн цэцийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүй гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэв.

Б.Туул

Холбоотой мэдээ