ДАРХАН-УУЛ: Д.Сайнхүүгийн цуглуулгад 100 гаруй орны хаад, ноёдын тухай марк бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн музейд марк цуглуулагч Дүүдээгийн Сайнхүүгийн “Чингис хаан ба түүний залгамжлагчид” сэдэвт үзэсгэлэн нээлээ. 50 гаруй жил марк цуглуулж буй Д.Сайнхүү энэ удаагийн үзэсгэлэндээ зөвхөн дэлхийн хаад, ноёдын маркийн цуглуулгаасаа 100 гаруйг дэлгэн харуулжээ.
Долоо хоног үргэлжлэх уг үзэсгэлэнд Чингис, Хубилай, Бат хаан, Галдан бошигт, Монгол хатад, Хубилай хааны флот, Куликовын тулалдаан, Хүннү гүрэн зэрэг Монголын түүхийн хэлхээс болсон олон сонирхолтой марк дэлгэжээ.
Тухайлбал, Чингис хааны марк гэхэд 1962 онд хэвлэгдэж гурван өдөр худалдаанд гарсны дараагаар социалист улс орны шүүмжлэлд өртөж хадгалагдсаар ардчилсан хувьсгалын үед дахин худалдаанд гаргаж байжээ. Уг марк Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан Монгол улсад гарсан анхны хааны марк бөгөөд үзэсгэлэнгийн хамгийн эхэнд тавигджээ.
Түүний цуглуулгад 100 гаруй орны хаад, ноёдын тухай марк бий. Үзэсгэлэнд дэлгэн харуулж буй маркууд Чингис хааны болон өмнөх, дараагийн үеийн хаадын тухай, дэлхийн аугаа удирдагчдын маркуудыг танхимд дэлгэн үзүүлж байна.
Жишээ нь Атилла хааны тухай өгүүлэх марк үнэ цэнтэйд тооцогддог гэв. Учир нь алдарт зураач Рафаэлийн 1514 онд зурсан, 500х750 см хэмжээтэй, Ромын Пап Лео, Атилла хаан хоёрын уулзалтын тухай зургаар 1952 онд Ватиканы вант улсад хэвлэгджээ. Шашны дээд зөвлөгөөний 1500 жилийн ойд зориулж 5 марк бүхий сери гарсан боловч утга төгөлдөр бус гэдэг шалтгаанаар уг хоёр маркийг 1952 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан татжээ.
Захиа бичих үе цахим хэлбэрт шилжсэн хэдий ч марк цуглуулах сонирхол нь одоо ч хэвээрээ. Түгээмэл буюу олдоц ихтэй маркийг 1000-5000 төгрөгөөр худалдан авдаг бол ховор, цөөхөн хэвлэгдсэн марк 100 ам.доллароос дээш хэдэн мянган долларын үнэтэй байдаг гэв.
Түүний маркийн цуглуулга арав гаруй альбом бөгөөд зөвхөн нэг альбомд байдаг маркаараа үзэсгэлэн гаргасан нь энэ юм. Марк нь улс, орны түүх, соёл, боловсролыг илтгэхээс гадна аж амьдрал зэргийг товч тодорхой илэрхийлдгээрээ үнэ цэнтэй гэж Д.Сайнхүү гуай онцолж байлаа.
“Чингис хаан ба түүний залгамжлагчид” маркийн үзэсгэлэнг аймгийн музей, Дархан сумын иргэн Д.Сайнхүү нар хамтран зохион байгуулж, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Соёлын өвийн үндэсний төв дэмжин ажиллажээ.
Ташрамд, Монгол Улс 1924 онд анхны маркаа хэвлүүлж байсан түүхтэй бөгөөд эдүгээ 100 жил болж байна. Марк нь зөвхөн шуудан үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл бус улс орны түүхийн бичээс, гэрч, соёл, урлаг ёс заншлын илэрхийлэл, тэмдэглэл үйл явдлын он цагийн хэлхээс юм.