ДАРХАН-УУЛ: Монголын түүхийн гар бичмэл болор толь иргэн Х.Мөнхцэцэгт хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-11-08 09:55:46

Дархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дархан сумын 12 дугаар багийн иргэн Х.Мөнхцэцэгт Монголын түүхийн  гар бичмэл болор толь хадгалагдаж байна. Энэхүү ховор гар бичмэлийг ааваасаа өвлөн үлдсэн байна.


Түүний аав Хашхүү Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалин хийдийн анхны хамба лам байжээ. 1990-ээд оны эхэн үед хийдийн шинэ барилга ашиглалтад орох үед хүүхдүүддээ өвлүүлсэн байна.


Монголын түүхийн бүрэн агуулга бий гэж тайлбарлан үлдээсэн бөгөөд хоёр дэвтэр бүхий гар бичмэлийг муутуу цаасан дээр монгол бичгээр бичжээ. Өвлөн үлдэж хадгалж байгаа хэдий ч аль цаг үед бичигдсэн, эх гар бичмэл үү, хуулбар бичмэл эсэхийг мэдэхгүй гэдгийг учирлаж байлаа.


Аав Хашхүү нь Галуутай хүрээд сууж байхдаа өөрөө аав, ах нараасаа өвлөн авсан гэж хэлсэн боловч түүнээс өмнө хэн, хаана хадгалж байсан нь тодорхойгүй аж.

Тиймээс түүхийн ховор, гар бичмэлийг бүртгэлд хамруулахаар аймгийн музейд хандсан байна.






Болор толь гар бичмэлийн нэгдүгээр дэвтрийн эхний арав гаруй хуудас элэгдэж цоорсон, урагдаж тасарсан байдалтай, гадна хавтсыг савхиар хийж сураар үдсэн бол хоёрдугаар дэвтрийг олсоор үдэж тогтоосон байна.




Соёлын бүтээлч сарын хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей хамтран Соёлын өвийн үндэсний төвийн баримтат өв хариуцсан бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнбаярыг урьж тухайн түүхийн гар бичмэлийг үзүүлжээ.


Бүртгэл мэдээллийн санч Х.Түмэнаяр хэлэхдээ, Дархан хотын иргэн Х.Мөнхцэцэгт хамгийн чухал, ач холбогдолтой бичиг баримтын өвийн гол төрөл зүйл хадгалагдаж байна. Тодруулбал, Монголын түүхийн гар бичмэл хувь хүний гар дээр хадгалагдаж байсныг бүртгэж байгаа нь сайн. Энэ зохиол Монголын түүхийн туурвил зүйг илтгэн харуулсан  XVIII зууны үед хамаарах гар бичмэл гэв.


Цаашид хаана хэрхэн хадгалахыг тухайн иргэн өөрөө шийдэх бөгөөд хувь хүнд хадгалагдаж буй түүхийy ховор гар бичмэлийг музей эсвэл соёлын өвийн үндэсний төв авч хадгалъя гэх боломжгүй гэдгийг тэрбээр тодотгов.


Олон жил хадгалсан учир ерөнхийдөө их хуучирч элэгдсэн, нэгдүгээр дэвтрийн зарим хуудас урагдаж, тасарснаас үзэхэд олон уншсан нь тод харагддаг гэж иргэн Х.Мөнхцэцэг онцоллоо.



 

Холбоотой мэдээ