ӨВӨРХАНГАЙ: Хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-08 15:59:41

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран "Хөхний хавдраас сэргийлье" өдөрлөгийг зохион байгуулж байна.


Монгол улсад 2023 онд хөхний хорт хавдрын 344 тохиолдол бүртгэгдсэн бол Өвөрхангай аймгийн хэмжээнд 2023 онд 13, 2024 оны 10-р сарын байдлаар дөрөв бүртгэгдэж, долоон эмэгтэй хөхний хорт хавдраар нас баржээ.


Хөхөн дэх эсүүд хэвийн бус өөрчлөлтөд орсноор хөхний хавдар үүсэх шалтгаан болох ба даавар, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь ихэвчлэн 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдох ч сүүлийн үед залуужих хандлагатай байна. Мөн эрэгтэй хүнд хөхний хорт хавдар илэрснийг эмч нар хэлж байв.


Өчигдөр аймгийн төв захад зохион байгуулсан дээрх өдөрлөгөөр 120 иргэнд хөхний хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг өгч, эрт илрүүлгийн үзлэг хийсэн юм. Өнөөдөр ерөнхий боловсролын 5-р сургууль дээр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ