Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАНБЕРРА, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /CNN/. Австралийн Засгийн газар 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хуулиар хориглоно гэж тус улсын Ерөнхий сайд Энтони Албанезе пүрэв гарагт мэдэгджээ. Энэ бодлогоо тэрбээр дэлхийд тэргүүлэх хэмээн тодорхойлж байна.
“Нийгмийн сүлжээ манай хүүхдүүдэд хор хөнөөл учруулж буй явдалд би цэг тавихыг хүсэж байна” гэж Э.Албанезе хэлжээ. Уг хуулийг энэ онд парламентад өргөн мэдүүлж, батлагдсанаас хойш 12 сарын дараачаас хэрэгжүүлж эхэлнэ гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна. “Нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах тал дээр буй алхмаараа хариуцлага хүлээх бөгөөд эцэг эх, залуучууд хариуцлага хүлээхгүй” гэж Австралийн Ерөнхий сайд хэлсэн байна.
Харилцаа холбооны сайд Мишель Роуландын хэлснээр, уг платформуудад Meta Platforms-ийн Instagram,
Facebook, мөн ByteDance-ийн TikTok, Илон Маскийн X,
Alphabet-ийн YouTube зэрэг багтах
ажээ. Эдгээр дөрвөн компани
одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.
Австралийн бодлого нь хамгийн хатуу чанд бодлогуудын нэгд тооцогдож байгаа боловч
дэлхийн хэд хэдэн улс хууль
тогтоомжоор дамжуулан хүүхдүүдийн
нийгмийн сүлжээний хэрэглээг хязгаарлахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Франц улс 15-аас доош насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох санал гаргасан боловч хэрэглэгчид эцэг эхийн
зөвшөөрлөөр уг хоригоос
зайлсхийх боломжтой байв.
АНУ-д 13-аас доош насны хүүхдүүдийн мэдээлэлд хандахын тулд эцэг
эхээс нь зөвшөөрөл авахыг технологийн компаниудаас олон арван жилийн турш шаардсаар ирсэн учраас нийгмийн сүлжээний ихэнх платформ тухайн насны хүүхдүүдийг сүлжээндээ нэвтрэхийг хориглохоос аргагүйд хүрсэн байна.