Бейонсе “Грэмми” шагналд нэр дэвшсэн тоогоор дээд амжилт тогтоолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-11-09 11:17:49

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /AP/. Америкийн Дуу бичлэгийн академи “Грэмми” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийг баасан гарагт танилцуулснаар дуучин Бейонсе бүх цаг үеийн уран бүтээлчдээс “Грэмми” шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн уран бүтээлч боллоо.


Тодруулбал, Бейонсе нийт 99 шагналд нэр дэвшсэн амжилтаар өөрийн нөхөр Жей Зигийн 88 удаа нэр дэвшсэн амжилтыг ардаа орхисон байна. Дуучин бүсгүйн өнгөрсөн хавар гаргасан анхны кантри цомог болох “Cowboy Carter” нь энэ амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлжээ.  


Өдгөө 43 настай Бейонсе уг цомгоороо 11 номинацид нэр дэвшсэнээр энэ оны шагналд өрсөлдөж буй бусад бүх уран бүтээлчээс илүү байна. Харин Билли Айлиш, Чарли XCX, Кендрик Ламар, Пост Мэлоун нар долоон номинацид нэр дэвшсэн амжилтаар удаалжээ.


Мөн Тейлор Свифт, Чаппелл Рон, Сабрина Карпентер нар тус бүр зургаан шагналд нэр дэвшсэн байна. Ч.Рон, С.Карпентер нарын хувьд шилдэг шинэ уран бүтээлчийн төрөлд өрсөлдөж байна. Харин Оны шилдэг цомгийн төрөлд эмэгтэйчүүд давамгайлжээ.


“Грэмми” наадмын 67 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2025 оны хоёрдугаар сарын 2-нд Лос-Анжелес хотноо болно.

 


Холбоотой мэдээ