Б.Оюунсайхан: Миний хувьд уран бичлэг бол бүх урлагийн үндэс
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Саяхан “Монгол бичиг” үзэсгэлэнгээ дэлгээд буй уран бичээч, чөлөөт уран бүтээлч Б.Оюунсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө анхныхаа бие даасан үзэсгэлэнг гаргасанд тань баяр хүргэе. Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батхүүгийн Оюунсайхан гэдэг. Би долоон наснаасаа буюу 1990 онд “Эх хэлний хөтөлбөр – 2” -ын хүрээнд монгол бичгийг сэргээн зааж эхлэх үед монгол бичгээ сурч эхэлсэн. Мөн арван жилээ төгсөөд Чой.Лувсанжавын нэрэмжит “Хэл иргэншлийн дээд сургууль”-д монгол бичгээ үргэлжлүүлэн сурсан. Ер нь, монгол бичгээр тасралтгүй 14 жил хичээллэж байна. Ингэж монгол бичиг амьдралтай маань салшгүй холбоотой болсон болохоор уран бичлэгийн салбар луу татагдан орсон.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Тухайн үед “Хэл иргэншлийн дээд сургууль” маань гадаад хэл заадаг байлаа. Тэгээд англи хэлний багш мэргэжил эзэмшсэн.
-Уран бичлэгээр хэдэн жил бүтээл туурвиж байна вэ?
-Би 10 жилийн өмнөөс л бийр барьж эхэлсэн. Сургуулиа төгсөөд жаахан завсардсан. Тэгээд өөрийн мэдрэмжээр уран бүтээлээ хийж байна гэж явсаар жаахан цаг алдсан ч чиглүүлэх багштайгаа холбогдоод сүүлийн 10 жил бийрээсээ холдсонгүй.
-Уран бичлэгт “уруу татсан” багшийнхаа тухай яривал. . .
-Үсгийн тигийг ингэж бичнэ,
даралтыг ингэнэ шүү гээд заасан анхан шатны багш бол байхгүй. Монгол бичгийг
багаасаа мэддэг суурин дээрээ бие даан хичээллэсэн. Харин уруу татагдсан,
нөлөөлөлд нь орсон, урам зориг авч байсан хүмүүс бол маш олон, нэрийг нь
дурдвал баршгүй юм.
-“Монгол бичиг” үзэсгэлэнгийн гол онцлог юу вэ?
-Яагаад “Монгол бичиг” гэж анхны үзэсгэлэнгээ нэрлэсэн гэвэл, энэ бол ерөөсөө анхны үзэсгэлэн, бас уран бичлэгийн үзэсгэлэн учраас нэрнээсээ тодорхой байлгахыг хичээсэн. Үзэсгэлэн гаргаж байгаа газар бол хүүхэд залуучуудын театр. Энэ газрыг зүгээр ч сонгоогүй, ирээдүй өөд хандсан өгүүлэмжтэй бүтээлүүдийг тавьсан л даа. Нэг ёсондоо Монголын ирээдүй намайг ирж үзэж байгаа гэдэг утгаар би нэрээ маш тодорхой “Монгол бичиг” гэж өгсөн юм. Өөр уран сэтгэмжтэй нэр өгч болох байсан ч хүүхдүүд хараад “Аан, энд монгол бичгийн үзэсгэлэн гарч байгаа юм байна” гэж шууд ойлгохоор “Монгол бичиг” хэмээн нэрлэсэн. “Ирээдүй өөд хандсан” гэдэг утга санаа нь мэдээж 2025 оны хэрэглээг ярьж буй юм. Гэхдээ монгол бичгийнхээ үүсэл хөгжил, эдүгээд хэрхэн дэлгэрч байгаа, өмнө нь ямар байсан гэх мэтээр өөрийнхөө судалсан хэмжээнд хүүхэд залууст мэдээлэл өгөхийг зорьж, өдөр бүр маш өрнүүн хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулж байгаа.
-“Мөнх
тэнгэрийн бичиг” зэрэг олон улсын дотоод, гадаадын үзэсгэлэнд олон удаа оролцож
байв уу?
-Хорь орчим хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан. “Мөнх тэнгэрийн бичиг”, “Шинэ цас”, “Гоо бэх” зэрэг үзэсгэлэнд уран бүтээлчидтэй хамтран оролцоход тухайн сэдэвтээ баригдан бүтээлээ туурвидаг байв. Харин бие даасан үзэсгэлэнг анх удаа гаргаж байгаа болохоор энэ удаад шинэ туршлага хуримтлууллаа. Яг өөрийн мэдрэмж, өгүүлэмжээр чөлөөтэй сэтгэн, үзүүлэхийг хүссэнээ илэрхийлж байгаа болохоор маш их урамтай ажилласан. Тиймээс цаашид жил болгон бие даасан үзэсгэлэнг тогтмол гаргая гэж бодож байгаа.
-Бийрийн энэ урлагийг амралт, бясалгал, төвлөрөл, дахин давтагдашгүй агшин гэх мэтээр тал бүрээс нь тодорхойлдог. Харин таны хувьд юу вэ?
-Бийрийн бичлэг, уран бичлэг бол тухайн агшны сэтгэл хөдлөл, мэдрэмжээр бүтдэг цор ганц бүтээл байдгаараа онцлогтой. Дахин давтагдашгүй бүтээл гэсэн үг шүү дээ. Таван минутын өмнө “Хүн” гэж бичих, таван минутын дараа “Хүн” гээд бичих хоёр маш өөр. Тухайн үеийн сэтгэл хөдлөл уран бичлэгт онцгой нөлөөтэй. Бийрийн бичиг, уран бичлэг бол миний хувьд бүх урлагийн үндэс гэмээр тэр гоё мэдрэмж, таны хэлснээр бясалгал, төвлөрөл зэрэг энэ бүх юмыг өөртөө шингээн агуулж байж тэр бийр, гарын хөдөлгөөн гарч байгаа болохоор би урлаг гэдэг бол уран бичлэг л гэж хэлмээр байна.
-Бийрийн гурав хоногийн сургалтын тань талаар сонссон. Үнэхээр гурав хоногт уран бичлэг сурах боломжтой юу?
-Үзэсгэлэн маань 11-р сарын 16 хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн танхимд би бүтэн 3 өдрийн сургалтыг зөвхөн дөрвөн хүнд явуулна гэж зар тавьсан. Мэдээж 3 хоногт сурахад хэцүү, гэхдээ монгол бичиг мэддэг суурьтай хүн уран бичлэгийг сонирхдог. Тэгэхээр би суурьтай хүмүүс зорьж ирнэ байх хэмээн бодсон. Үзэсгэлэнгийнхээ танхимд, яг тэр орчинд нь зааж, мэдээлэл өгвөл сургалтын илүү сайхан бүтээлч орчин нөхцөл бүрдэнэ гэж бодож төлөвлөсөн юм. Зорьсондоо ч хүрсэн гэж бодож байгаа.
-Үзэсгэлэнгээ хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Ер нь, анх бийр барьж эхэлсэн цаг буюу 10 жилийн өмнөөс л би үзэсгэлэн гаргана даа гэж бодож байсан. Гэхдээ хүн ихийг мэдэх тусам өөрийгөө чамлах мэдрэмж салдаггүй юм байна. Тэгээд олон олон үзэсгэлэнд оролцох бүрд өөрийгөө чамлан голох бодлоос салахгүй байсан. Үүнийгээ багшдаа хэлэхэд, багш маань “Миний хүү, өөрийгөө чамлах наад мэдрэмж чинь хэзээ ч арилахгүй” гэсэн үгээс нь бодсон л доо. Нээрэн эрдэмд шамдах бүр өөрийгөө өчүүхэн гэдгийг мэдэрч байгаа учраас “Би болчихлоо гэдэг мэдрэмжид мөд хүрэхгүй, ер нь тэр мэдрэмжийг авдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд” гэж бодогдсон. Тэгээд л үзэсгэлэнгээ гаргая гэж зориг шулуудан сүүлийн 3 сар нэлээд идэвхтэй ажиллалаа.
-Тэгэхээр уран бичлэгийн нэг бүтээлийг бүтээх хугацаа ямар байдаг гэж тодорхойлох вэ, Та?
-Бүтээл болгонд зарцуулах хугацаа өөр өөр байдаг. Жишээ нь, Би “Монголын нууц товчоон”-ыг бичье гэвэл хэдэн жилээр үргэлжлэх ч юм уу, эсвэл уйгагүй суувал хэдэн сар ч бичиж болно. Мөн нэгэн үгийг сэтгэлдээ бодож бясалгаад бичлээ гэхэд тухайн агшинд уран бичлэгт зарцуулах хугацааг хэлэх хэцүү. Тэр агшинд, тэр бийр, гарын хөдөлгөөнөөр гарахын тулд яаж гаргах вэ гэдгээ төсөөлөн бодох, тархиндаа бүтээх тэр хугацаа бол уран бичээчид их урт байдаг болов уу гэж би боддог. Мөн тэр л агшинд миний сэтгэлийн хөдөлгөөнөөр буудаг болохоор бодож гаргасан маш торгон мэдрэмж юм даа.
-Баярлалаа, танд уран бүтээлийн их амжилт хүсье.
-Танай хамт олонд бас маш их
баярлалаа. Ташрамд хэлэхэд, миний үзэсгэлэнгийн бас нэг онцлог бий.
Үзэсгэлэнгийн хоёр дахь хэсгийн бүтээл нь “ХҮМҮҮН БИЧИГ” сонинтой холбогдоно.
Яагаад вэ гэхээр би оюутан байхаасаа энэ сониныг уншиж эхэлсэн. Тэр цагаас хойш
би тогтмол уншдаг болж, намайг ч их хурцлан, түлхэж нөлөө үзүүлсэн сонин.
Тэгэхээр миний анхны уран бүтээлийн тайлан үзэсгэлэнд салшгүй холбоотой гэж уг
сониноо оруулсан. Дээрээс нь, миний бүтээлүүдийг үзэж явсаар, үзэсгэлэнгийн
хамгийн гол буюу төгсгөл хэсэгт миний нэгдүгээр ангийн дэвтэр маань байгаа. Тэгээд хүмүүсийн сэтгэгдлийг сонсоод байхад “Энэ сонин болон нэгдүгээр ангийн
дэвтэр” их өвөрмөц байна, хүн эхлэл цэгээ мэдэх, эхлэл цэгээ мартахгүй явна гэдэг
их чухал. Нэгдүгээр ангидаа ийм бичдэг байсан бол одоо ингэж бичдэг болсон
гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах гэж байгаа нь их гоё мэдрэмжийг төрүүлж байна
гэсэн сайшаалыг хүртсэн байгаа.