БАЯНХОНГОР: Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлэн байдлыг хангах нь сэдэвт сургалтыг сум өрхийн ЭМТ-ийн дарга, вакцинатор, ЕБС-ийн захирал, эмч нарт зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу жил бүр 11 насны бүх хүүхдийг Хүний папиллома вирус(ХПВ)-ийн халдварын эсрэг вакцинаар нэг тунгаар товлолын дагуу дархлаажуулна.
Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia нэгдсэн цахим портал үйлчилгээгээр дамжуулан хүүхдийнхээ ХПВ-ийн эсрэг вакцинд хамрагдсан талаарх лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг авч болох юм.
Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ний эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрд хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж буй. ХПВ-ний эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ний 6, 11, 16, 18-р хэв шинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба 1 хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм. Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэв шинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна.
Монгол Улсын дархлаажуулалтын тухай хуульд зааснаар “заавал хийх дархлаажуулалт” гэж дархлаажуулах насны бүх хүнийг заавал хамарвал зохих дархлаажуулалтыг хэлэх бөгөөд иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй гэж заажээ.