Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-12 17:42:04

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа, М.Сарнай нар өнөөдөр СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.


Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм.


Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм.


Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.


Төвийн захирал, удирдлагууд эмчилгээ, тусламж үйлчилгээндээ шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариулахдаа, тус төвөөс тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нийт 10.0 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлснийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ. Сүүлийн хоёр жилд тус төвд 1.2 тэрбум төгрөгийн засвар хийсэн бөгөөд Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн шинэчлэлд 300.0 сая төгрөг зарцуулсан байна.


Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөллөөс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын харилцаа, уялдаа холбоог нягтруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ