СЭЛЭНГЭ: Морин хуур хөгжмийн зэмсгээ дээдлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж байна

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-11-19 10:22:35

Сүхбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Сэлэнгэ аймаг морин хуур хөгжмийн зэмсгээ дээдлэх, танилцуулах ажлыг зохион байгуулж байна.

 

2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон юм.

 

ЮНЕСКО-гоос 2003 онд Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон байдаг.

 

Түүнчлэн 2008 онд морин хуур хөгжимийг ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн байна.

 

Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсныг харуулж байгаа юм.

 

Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” дууг дагаж хуурддаг байсан байна.

 

Монголын хуурчид XX зууны 30-аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан янз бүрийн бүс нутагт тоглох болж 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. Монголчууд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай.

 

Морин толгойтой хөгжмийн зэмсгийн нэгэн төрлийг морин хуур гэнэ. Чавхдас ба нумын аль алиныг нь морины сүүлний хялгасаар хийдгээрээ онцлогтой юм. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа илэрхийлэх чадвар сайтай, хийц ба хөг, эгшгийн төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн зэмсэг гэдгээрээ өвөрмөц онцлогтой юм.

 

Монголын ард түмэн олон жилийн туршид морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр иржээ. Тодруулбал “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” зэрэг юм. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн гэдэг.

 

Нөгөө талаар хөгжим судлаачдын үзэж байгаагаар Морин хуур нь “их хэл” гэсэн утгатай “икэл” хөгжмөөс гаралтай бөгөөд эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг хэмээдэг байна.

 

Сүүлд морин толгой дүрслэн урлаж морин хуур хөгжим үүссэн ба шанаган хэлбэртэй болон дөрвөлжин модон дээр ямааны буюу ботгоны арьс сайтар татан ширлэж, адууны сүүлээр хялгас буюу чавхдас татан нумаар хөрөөдөн тоглодог байжээ.

Холбоотой мэдээ