ДУНДГОВЬ: Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын намтар, уран бүтээлийг сурталчилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сар аяны
хүрээнд Дундговь аймгийн С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангаас Монгол Улсын
соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, С.Буяннэмэхийн
шагналт утга зохиолын судлаач Долгорын Цэнджавын намтар уран бүтээлийн
үзэсгэлэн гаргажээ.
Д.Цэнджав 1954 онд Дундговь
аймгийн Гурвансайхан сумын нутаг “Билгэх хайрхан” хэмээх газарт төрсөн. Уг
үзэсгэлэнг түүний 70 насны ойд зориулан гаргаж байгаа юм.
Тэрээр уран зохиолын том
төрөл болох романаас эхлээд тууж,
өгүүллэг, яруу найраг, баримтат болон
уран сайхны роман, кино, жүжиг, хүүхдийн
роман, судалгаа шүүмжлэл гээд бүх
төрлөөр бичсэн уран бүтээлч юм.
Д.Цэнджав 1978 оноос
Дундговь аймгийн Өндөршил сумын 8 жилийн сургуулийн захирал, аймгийн
Боловсролын хэлтэст байцаагч, Сургалт заах аргын кабинетын эрхлэгч, “Үнэн” сонины реадакци, МОНЦАМЭ,
Монголын радиогийн Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь тусгай сурвалжлагч, “Үнэн”
сонины хэлтсийн эрхлэгч, утга зохиолын нарийн бичгийн дарга, “Засгийн газрын
мэдээ” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, тус
сонины Нью-Йорк дахь сурвалжлагч, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн
бичгийн дарга, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч, Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг “Оюуны өмчийн” газрын ахлах мэргэжилтэн, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, “Монгол
post” сонины ерөнхий эрхлэгч, “Өнөөдрийн монгол” сонины ерөнхий эрхлэгч,
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн
дэд ерөнхийлөгч, Монголын утга зохиолын академийн ерөнхийлөгч, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны дарга, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн
олон улсын сэтгүүлзүйн тэнхимд багш, зөвлөх, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн
утга зохиол, урлаг судлалын тэнхимд багш, зөвлөх зэрэг хариуцлагатай албыг
гүйцэтгэж байжээ.
Мөн 2018-2021 онд Монголын
Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн
даргаар ажиллаж байсан юм.
1995 онд “Монгол туужийн
дүрийн сэтгэлзүйн онцлог” сэдвээр магистрын зэрэг, 2005 онд “ЕБС-ийн утга
зохиолын сургалтын агуулга, стандартыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр
докторын (Ph. D) зэрэг хамгаалж, 2001 онд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн дэд профессор, 2000 онд мөн сургуулийн профессор, 2012 онд МУИС-ийн дэд профессор
цол хүртэж байсан.
“Чонын алтан шагай”
романаар МЗЭ-ийн шагнал, “Хөх жавар” туужийн номоор Д.Нацагдоржийн шагнал,
судалгааны бүтээлүүдээр С.Буяннэмэхийн шагнал, “Он цагийн шастир” сэтгүүл зүй,
нийтлэлийн бүтээлээр Д.Бодоогийн шагнал,
оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналыг хоёр удаа хүртжээ.
1970-аад оны дунд үеэс уран
сайхны шүүмж судлалаар бичиж, 1982 онд МЗЭ-ээс зарласан шүүмжийн уралдаанд
“Ачааны хүндийг үүрэг хариуцлага” шүүмжээр тэргүүн байр эзэлсэн байна.
Тэрээр сэтгүүлзүйн судлалын
чиглэлээр “Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн онол практик”, “Хэвлэл мэдээллийн
менежмент”, “Хариуцлагатай сэтгүүлзүй” зэрэг
сурах бичиг, гарын авлага, уран зохиол, нийтлэлийн 40-өөд ном туурвижээ.
Соёлын яам, МЗЭ, Соёл урлагийн газраас улсын хэмжээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн уран бүтээлийн уралдаанд “Босоо жаран” романаараа нэгдүгээр байр, Улсын эрдмийн драмын театр бусад байгууллагатай хамтран зарласан жүжгийн уралдаанд “Хаангүй сэнтий” жүжгийн зохиолоороо тэргүүн байр эзэлжээ. “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” I, II, III ботийн хариуцлагатай редактороор ажилласан байна. Түүний олон уран бүтээл англи, орос, хятад, япон, франц, солонгос, герман, казах хэлээр орчуулагдсан байна.