Хүүхдийн эрхийг хамгаалах цэнхэр өнгийн гэрэлтүүлэг асаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-11-20 15:38:20

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг улс орон даяар “Listen to the Future” буюу “Ирээдүйгээ сонсоцгооё” уриан дор арваннэгдүгээр сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

 

Соёлын бүтээлч сар 2024 аяны хүрээнд “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг бүх шатны соёл, урлаг, спорт, хүүхэд, залуучуудын байгууллагууд хамтран контент түгээх, хамт олноороо ижилсэж, цахим сувгуудаа цэнхэртүүлэх, соёл, урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулж уриалгыг хүргэх, байгууллага бүр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө хийж буй үйлсээ олон нийтэд сурталчлах, байгууллагын барилгын гэрэлтүүлгийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.

 

Цэнхэр өнгийн гэрэлтүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 18:00-22:00 цагийн хооронд асааж хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах юм.

 

1989 оны 11 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцийг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд уг конвенцод 190 гаруй орон нэгдээд байна.

 

Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны нэг болж, 1990 онд нэгдсэн.

 

Холбоотой мэдээ