ТӨВ: Төрийн албаны шалгалтын эхний өдөр 18 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-20 18:11:00

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн шалгалтад 139 иргэн бүртгүүлсэн бөгөөд 6 ээлжээр зохион байгуулна.


Шалгалтын эхний 3 ээлжийн үр дүнд 18 иргэн шалгалтандаа тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэж байгаа юм.


Шалгалтад оролцогч Д.Нарандуламаас тодруулахад, “Төрийн албаны шалгалтад бэлтгэх номоо худалдан аваад, төрийн албаны шалгалтад бэлтгэх үнэ төлбөргүй сургалтуудыг сонсож бэлтгэж байсан. Анх удаа өгөөд тэнцсэндээ маш их баяртай байна. Хуулийн заалт, нэмэлт хичээлүүдийг сайн уншиж, судлах хэрэгтэйг ойлголоо” гэв.  


Оролцогч Г.Бямбадорж, “10 жилийн өмнө шалгалт өгч төрийн албаны нөөцөд бүртгэгдэж байсан. Тухайн үед шалгалт өгөхдөө юуг, яаж бэлдэхээ мэдэхгүй ордог байсан бол 10 жилийн дараа өгөхөд маш олон сургалт, аппликейшн гарсан байсан нь үнэхээр бэлдэхэд хялбар болгож байв. Сэргээн санахад илүү амар болсон нь таатай байсан. Шалгалтад бэлтгэж байгаа хүмүүсийн хувьд хуулийн шалгалт тал хувь нь байдаг тул хуулиа сайн судлаарай, мөн сэтгэл зүйгээ тайван байлгаж, өөртөө итгэлтэй байгаарай ” гэв.  


Төв аймагт төрийн 211 байгууллагын 5844 албан хаагч ажиллаж байна.  


Холбоотой мэдээ