БАЯНХОНГОР: Энэ онд 254 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-21 11:43:40

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сумын хэмжээнд 20 сая мод тарих амлалт өгсөн. Тэгвэл энэ онд Баянхонгор сум ойжуулалтын 5 газар, мод үржүүлгийн 2 газарт нийт 254 мянган мод тариад байна.


Баянхонгор сум ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж ирсэн. Өмнөх жилүүдэд Шинэ суурьшлын бүс орчим, хот тойрсон шинэ ойн зурвасууд, мөн Хөх толгой уулын энгэр бэл зэрэг байршилд гоёлын мод болон бусад мод тарьсан нь ургалт сайтай байгаа юм. Тухайн жилүүдэд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэстэй хамтран түр ажлын байранд хүмүүсийг авч ажиллуулан модны нүх ухах, элс, бууц татах зэрэг ажлуудыг хийлгэж байсан бол энэ жилийн тухайд төрийн байгууллагын албан хаагчид өөрсдөө модны нүхээ ухаж, модоо суулгажээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын Ойн ангитай хамтран бүх нийтээр мод тарих өдрийн нээлт, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж хэвшсэн төдийгүй иргэдийн мод тарих идэвх ч нэмэгдэж байна. Ийнхүү аймгийн хэмжээнд хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлж байгаа юм.


Баянхонгор аймгийн төвд 27 мянга гаруй айл өрх байна гэсэн судалгаа гарсан. Үүний 30 хувь буюу 8130 айлыг орон сууцанд амьдардаг гэж авч үзвэл үлдсэн 19 мянга шахам нь хашаанд амьдарч байгаа юм. Өрх бүр хашаандаа нэг мод таривал агаарын бохирдол 50 хувиар буурахыг холбогдох мэргэжилтнүүд хэлж буй. Тэгвэл өрх бүр хашаандаа гурван мод тарьж, арчлан ургуулбал Баянхонгор хот Ногоон хот болохыг албаныхан онцолж байгаа бөгөөд энэ чиглэлд ирэх онуудад түлхүү анхаарахаар төлөвлөжээ.


Баянхонгор аймгийн Хот тохижилтын газрын мэдээлснээр, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 2020 оноос хойш мод бут сөөг нийт 13 мянган м.кв талбайд, зүлэг 12.800 м.кв талбайд, нэг наст цэцэг 6800 м.кв талбайд тус тус тарьж, ногоон байгууламжийг шинээр нэмэгдүүлсэн үзүүлэлтээр нийтдээ мод 74.4 хувиар, зүлэг 40.5 хувиар, цэцэг 81 хувиар нэмэгдсэн байна. Тус газрынхан аймаг тойрсон ойн зурваст өөрсдийн үржүүлж ургуулсан мод бут сөөгийг жил бүрийн хавар намарт нөхөн тарилтаар гоёлын мод хайлаас, шар хуайс, гацуур, голт бор, гүйлс, буйлс зэрэг 21 мянган ширхэг мод сөөгийг тарьж ургуулан усалгаа арчилгаа тордлогоог хийж гүйцэтгэж байгаа юм.


Моддын арчилгаа тордолгоог хариуцаж ажилладаг тус хамт олон хэлэхдээ, "Хавар, намрын мод тооллогоор аймгийн ногоон байгууламжийн мод, бут, сөөг 70 орчим хувийн ургалттай байна. Тооллогын явцад мод бут сөөгний ургалтгүй болсон тохиолдол цөөнгүй байсан бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд тарьсан мод бутнуудыг ихэвчлэн мал идэж, тасалж гэмтээх болон хүмүүсийн буруутай үйл ажиллагаа болон механик гэмтэл гарч байна. Аймаг тойрсон ойн зурвасын мод бутыг мал идэж гэмтээх, мал хөлд талхлагдаж хайс хамгаалалтыг гэмтээсэн тохиолдол цөөнгүй гарсан. Өвлийн улиралд малчид хотын төв рүү малаа ихээр оруулж өвөлжүүлэн хотын төвийн ногоон байгууламжийг сүйтгэж байгаатай холбоотойгоор аймаг орон нутгийн зүгээс хотын төв рүү малаа оруулж байгаа малчдад хариуцлага тооцох шаардлагатай байгаа"-г учирлав.

Холбоотой мэдээ